ОХУ-ын онгоц өөрийнхөө нутаг дэвсгэрт санамсаргүйгээр хоёр бөмбөг хаясныг Их Британийн Тагнуулын агентлаг өчигдөр /2024.01.30/ мэдээллээ.
Тагнуулын тайланд дурдсанаар Оросын онгоц өнгөрсөн Бямба гаригт Белгород мужид хоёр “FAB-250” бөмбөг хаяжээ. Нэг нь Постников дахь ферм, нөгөөх нь Стрелетскаяад иргэдийн суурьшлын бүсэд унасан байна. Бөмбөгдөлтийн улмаас суурьшлын бүсийн 150 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Бэртэж гэмтсэн хүн байхгүй. Бөмбөгийг Ням гаригт устгажээ.
ОХУ өөрийнхөө нутаг дэвсгэрт бөмбөг хаясан нь он гарсаар дөрөв дэх тохиолдол болж байна. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд гарсан тав дахь тохиолдол юм.
2024 оны хамгийн анхны тохиолдол нь нэгдүгээр сарын 2-нд байв. Тухайн үед Оросын байлдааны онгоц Воронеж мужийн Петропавловкад санамсаргүйгээр сум алдаж, есөн үл хөдлөх хөрөнгийг сүйтгэжээ. Дараагийн тохиолдол нь нэгдүгээр сарын 8-нд бөгөөд Луганск муж дахь Рубижне тосгонд “FAB-250” бөмбөг унасан. Бэлтгэл сургуулилалт хангалтгүй байсан учир даалгаврын үеэр тактикийг буруу хэрэгжүүлсэн гэж тагнуулын тайланд дурджээ.
Ийм тохиолдлын давтамж нэмэгдэж байгаа нь фронтын шугам дахь Оросын газар, агаарын багийнхны бэлтгэл хангалтгүй байгааг харуулна гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDE