ОХУ-ын арми 275 сая фунт стерлингийн үнэтэй тагнуулын онгоцоо санаандгүй буудаж сөнөөжээ. Цэргийн блоггер Владимир Романовын хэлснээр, Зөвлөлтөд үйлдвэрлэсэн Бериев А-50 онгоц Азовын тэнгисийн ойролцоо осолдсон байна. Оросын арми агааарын довтолгооноос хамгаалах пуужин харвасны дараа А-50 хоёр хэсэг хуваагджээ.
ОХУ ийнхүү нэг сар гаруйн хугацаанд хоёр дахь А-50 онгоцоо алдаж байна. Украины арми өнгөрсөн сард Оросын А-50 онгоцыг Азовын тэнгисийн дээгүүр буудаж унагаасан билээ.
Оросын Батлан хамгаалах яам энэ үйл явдлын талаар хараахан тайлбар хийгээгүй байна.
А-50 онгоцууд нь тээврийн онгоцны хэмжээтэй, 15 хүний багтаамжтай. Их биеийнх нь дээд хэсэгт асар том суурин радар байрлуулснаар цэргийн командлагчдад тулалдааны талбарыг харах боломж олгодог. ОХУ есөн А-50 онгоцтойгоор дайныг эхлүүлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэх боломжгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH