“Оюутолгой” ХХК болон туслан гүйцэтгэгч компани болох “Хасу мегаватт”, “Даян контракт майнинг”, “Энка глобал констракшн”, “РЭДПАФ” зэрэг компанид ажиллаж байгаа монгол ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар өнөөдөр /2024.01.08/ нэр бүхий хуульчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд “Оюутолгой ХХК нь туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байгаа монгол ажилчдын илүү цагийн хөлс, хүнд хортой нөхцөлийн нэмэгдэл олгохгүйгээс гадна ялгавартай цалин олгож байна. Оюутолгой төслийн гүний уурхай дээр ажиллаж байгаа иргэд маш хүнд хортой нөхцөлд хөдөлмөрлөдөг. Ижил хөдөлмөрт ижил цалин олгодоггүй.
Жишээ татвал, “Оюутолгой” ХХК-д ажилладаг гадаад иргэний цалин сарынх нь 110 сая төгрөг байхад тус компанийн үндсэн ажилтан болох монгол хүний цалин 5-10 сая төгрөг. Харин туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн монгол ажилтны сарын цалин 2 сая төгрөг хүрэхгүй, зарим ажилтных нь цалин сарынх нь 745 мянган төгрөг байгаа.
Оюутолгой төслийн далд уурхайн баяжуулах үйлдвэрийн барилгыг барьж байгаа Турк улсын хөрөнгө оруулалттай “Энка глобал констракшн” компанид ажилладаг монгол ажилчдын цалин бага байгаа. Тендер шалгаруулалтад тус компани ялж, анх олон улсын жишгээр ажилчдаа цалинжуулахаар байсан ч “монгол хүн цалин өндөр байж болохгүй” гээд “Оюутолгой” компанийн зүгээс бууруулсан байдаг. Шалтгаанаа “Бусад компаниуд барьцаж байна. Бусад туслан гүйцэтгэгч компанид ажиллах монгол ажилтан олдохгүй нь” гэдэг шалтгаанаар цалинг бууруулсан болохыг албаны хүн хэлсэн.
Бидний зүгээс “Оюутолгой” компани нь туслан гүйцэтгэгчээр ажил хийлгэхдээ бага хөлс төлөөд байна уу, эсвэл туслан гүйцэтгэгч нь дундаас цавчаа хийгээд байна уу гэдгийг ч мэдэх аргагүй байна. Улсын нууц гээд мэдээлэл өгдөггүй. Улсын нууц нэрийн дор “Оюутолгой” ХХК хөдөлмөрийн мөлжлөг хийж байна” гэлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанид ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн цалингийн цэсийг харуулсан юм.
Мөн хуульчид ярьж байгаа асуудал нь сүүлийн 4-5 жил цуглуулсан баримт болохыг дурдаад төсөл удирдагч компани нь ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулахад оролцдог хэрнээ цалин, нийгмийн асуудалд нь оролцдоггүй, “танай компанийн асуудал” гээд орхидог.
Тэр бүү хэл мэдэгдэл гаргаж, нийт ажилчдын цахим хаягийг хянаж байна гэв.