2018, 2020 онд “Оюу толгой” ХХК-д Татварын ерөнхий газраас нийт хоёр удаа татварын акт тавьж байв. Харин өнгөрөгч оны арванхоёрдугаар сард, дахин 80 сая ам.долларын актыг зураад буй.
Эдгээрийг багцалбал:
- Эхний акт: 2018 он. 2013-2015 оны татварын тайлангийн аудит. 150 сая ам.доллар. 4.8 саяыг хүлээн зөвшөөрч төлсөн. 145.2 саяыг төлөөгүй.
- Хоёр дахь акт: 2020 он. 2016-2018 оны үйл ажиллагаанд хийсан аудит. 252 сая ам.доллар.
- Гурав дахь акт: 2023 он. 2019-2021 оны үйл ажиллагаанд хийсэн аудит. 80 сая ам.доллар.
Ингэхээр нийт дүн нь 2013-2021 онд холбогдох 477.2 сая ам.долларын татварын акт “Оюу толгой” ХХК-д тавигдаад байна.
Гэхдээ Татварын ерөнхий газар, “Оюу толгой” ХХК хооронд хуулийн зөрүүтэй ойлголт, баримтлал үйлчилдэг. Иймд “Оюу толгой”-н үүднээс дээрх актуудыг төлөх ёсгүй гэсэн байр суурийг баримталдаг.
Эхний хоёр актын дүнг нийлүүлж, Арбитрын шүүхэд хандсан. Харин сүүлийн актын тухайд мөн “Бид өмнөх актуудад баримталдаг байр сууриа л баримтална. Бид хууль тогтоомжийн хүрээнд холбогдох бүх татвар, хураамжаа төлсөөр ирсэн” гэж тайлбар өгөөд байгаа юм.
2020 оны нэгдүгээр сард “Оюу толгой” ХХК Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдээд байтал мөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь акт ирсэн. Энэ актыг эхний Арбитрын маргаандаа улмаар нэмж оруулсан.
Өдгөө Засгийн газар, “Оюу толгой” ХХК харилцан сөрөг нэхэмжлэлтэйгээр Арбитрын шүүхэд маргаж байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн Оюу толгойн хэлэлцээрийн нэг хөшүүрэг нь ч энэ Арбитрын маргаан болсон харагддаг. Хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн зүгээс “Нэхэмжлэлээ түр хойшлуулчих. Бид тодорхой агуулгуудад чинь буулт хийе” гэх маягаар тохиролцоонд хүрсэн дүр зураг ажиглагддаг.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо татварын актуудын талаар, “Рио Тинто компанийн хувьд 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хууль тогтоомж бүхэлдээ тогтворжсон гэсэн байр суурийг баримталдаг. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын хувь хэмжээг тогтворжуулсан гэсэн манай байр сууриас эрс ялгаатай юм” хэмээн тайлбарлаж байв.
Өөрөөр хэлбэл, нэг нь 2009 онд үйлчилж байсан хуулийг барьдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан орчин нөхцөл тул. Нөгөө нь буюу Засгийн газар бол 2009 оноос хойш шинэчлэгдсэн татварын хуулийг баримталж, акт тавьдаг гэж ойлгож болох юм.
Мөн ташрамд, 2021.03.04-нд “Оюу толгой” ХХК нь хоёр дахь актын сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийг төрийн санд урьдчилан байршуулсан удаатай. Хэдий хүлээн зөвшөөрөхгүй, Арбитраар маргаж байгаа ч актын дүнг ийн байршуулах хуультай. Хэрэв Арбитрын маргаанд “Оюу толгой” ХХК ялбал энэ 648.9 тэрбум төгрөгийг Засгийн газар “Оюу толгой” ХХК-д буцааж өгөх юм.
Харин ЗГ маргаанд өөрсдөө ялна гэсэн итгэлтэй байсан тул 648.9 тэрбумыг иргэн бүрд 300 мянган төгрөг болгож тараасан.
Нэгэнт тараачихсан тул Арбитрын шийдвэр хэрхэн гарахаас үүдэж, Засгийн газар “Оюу толгой” ХХК-д 648.9 тэрбумын өртэй болж хувирах уу гэдэг асуудал үүсдэг.
Нэгтгэн харах юм бол, хоёр удаагийн акт нь Арбитрын маргаантай, нэг акт нь эргээд өр болж хувирах магадлал бүхий нөхцөлд дахин 80 сая ам.долларын акт тавигдаад байгаа нь анхаарал татаж буй.