Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 13-нд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хуралджээ. Улмаар нэмэлтээр босгох шаардлагатай болсон 1.1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг олонхын саналаар баталжээ.
Батлахад ТУЗ дахь Монгол талын гишүүд дэмжээгүй байна.
$1.1 тэрбумын зээлийн хүүг бууруулахаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн талаас ихээхэн ажилласан байдаг. Хэлэлцээрийг батлахаас өмнө, арваннэгдүгээр сарын дундуур ТУЗ хуралдахад энэ асуудлыг хойшлуулсан бөгөөд, хүү бууруулах чиглэлд дахин анхаарахаар болоод байсан юм.
Мөн тэр үеийн мэдээллээр, зээлийн суурь хүүг 6 хувь гэж тооцоод байв. Энэ дүнг буулгахын тулд хамгийн сүүлд Лондонд, түүний өмнө Австралид ажиллацгаасан.
Тэгвэл баталсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд ямар шинэ мэдээллүүд байна вэ?
Шинэ мэдээлэл нэг: Зээлийн өртөг анхны нөхцөлөөс 2.2 хувиар буурчээ
Түрүүнд дурдсанчлан, хөрөнгө оруулагч талаас тавьсан анхны нөхцөл 6+LIBOR хэмжээний хүүтэй байсан.
Уг нөхцөлөөр зээлийг аль болох яаралтай батлуулах шаардлагатай гэж “Рио Тинто” группээс үзэж байв. Харин зээлийг 31 хувь эзэмшдэгийн хувьд Засгийн газар ч төлөлцөнө. Мөн бусад шалтгаанаар зээлийн хэлэлцээрийг яаравчлан батлахаас “Эрдэнэс Оюу толгой” цааргалсан байр суурьтай байсан.
Тэгвэл, арванхоёрдугаар сарын 13-ны ТУЗ-ийн хурлаар анхны нөхцөлөөс 2.2 хувиар татуу хүүтэй хувилбарыг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг 2.2 хувиар бууруулж чадсан байна.
Шинэ мэдээлэл хоёр: Монголын талын хүртэх мөнгөн урсгал 262 сая ам.доллароор өснө
Харин хүүг ийнхүү 2.2 хувиар бууруулснаар, “Оюу толгой” төслөөс Монголын талын хүртэх мөнгөн дүнгийн урсгал 262 сая ам.доллароор өсөх тооцоолол гарсан байна.
“Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг “Эрдэнэс Оюу толгой” ХХК эзэмшдэг. Тус компаниар дамжуулан, төслөөс Монголын Засгийн газар өгөөж хүртдэг гэсэн үг. Тэгэхээр, адаглаад хүү буурснаар төслөөс хүртэх мөнгөн урсгал нэмэгдэх давуу тал үүсжээ.
Шинэ мэдээлэл гурав: Зээл хөрөнгө оруулагчийн давуу эрхтэй, ТЭЗҮ-ийг хүлээн аваагүй байсан
Мөн энэ зээлийн хэлэлцээрт анхнаасаан спонсор тал давуу эрхтэй оролцсон байна. Иймд зээлийн хүү болон бусад нөхцөлийг өөрсдийн зүгээс санал болгож байжээ.
Харин Монголын талаас яаравчлан батлаагүй шалтгаанд өндөр хүүгээс гадна бүтээн байгуулалтын ТЭЗҮ байсан байна.
Тодруулбал, уг санхүүжилтийг ашиглах ТЭЗҮ-ийн FS2023 тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл одоо хэр хүлээж аваагүй байгаа аж. Нөгөө талаар хөтөлбөрт нийцсэн зээлтэй харьцуулахад, санхүүжилтийн зардал өндөр тусаж байсан. Иймд санхүүжилтийн хэмжээг буюу 1.1 тэрбум ам.долларын дүнг буулгах ч шаардлагатай гэсэн байр суурийг баримталж байжээ.
Тэгэхээр одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн аваагүй ТЭЗҮ-гийн тодотголтой, хөтөлбөрт нийцсэн зээлтэй харьцуулахад өндөр дүнтэй (1.1 тэрбум ам.доллар) зээлийг 2.2 хувиар хүүг нь буулгах маягаар л баталсан гэж ойлгогдож байна.
Шинэ мэдээлэл дөрөв: ТУЗ дахь Монголын тал дэмжээгүй ч хэлэлцээр олонхын саналаар батлагджээ
Ер нь “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д тэнцвэргүй харьцаа байсаар байгаа.
Тодруулах юм бол, ТУЗ-ийн дарга нь Г.Батсүх, монгол хүн. Үлдсэн наймынх нь тав хөрөнгө оруулагч талыг төлөөлдөг.
Харин Ж.Тана, Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар л “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн байр суурийг хамгаалдаг. Иймд ТУЗ-ийн даргын санал ороод ч аливаа асуудал хөрөнгө оруулагч талын буюу олонхын саналаар шийдэгддэг.
$1.1 тэрбумын зээлийн хэлэлцээр ч мөн ингэж батлагджээ. Арванхоёрдугаар сарын 13-нд болсон хурлаар, дээр дурдсан монгол талын гишүүд дэмжсэн байр суурь илэрхийлээгүй юм байна.
Шинэ мэдээлэл тав: Санхүүжилтийг зарцуулах бүтээн байгуулалт 2025 онд дуусна
Хөрөнгө оруулагч талын давуу эрхтэй уг зээлийн санхүүжилт батлагдсанаас удалгүй 2023 оны арванхоёрдугаар сарын дундуур хийгдэж эхэлжээ.
Одоогийн байдлаар Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Улмаар, уг санхүүжилтийг зарцуулах гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард бүрэн дуусах тооцоололтой байгаа юм байна.
НЭМЭЛТҮҮД: Энэ асуудлаарх урьдын бичвэрүүддээ дурдсанчлан, энэ 1.1 тэрбум ам.долларын зээл нь Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн асуудал биш. Өөрөөр хэлбэл, анх баталсан зардалд тусгагдсан, төлөвлөгөөт зээл гэдгийг ЭОТ болон хөрөнгө оруулагч талын аль аль нь батлан илэрхийлж байв.
Нөгөөтээгүүр, Оюу толгойн хэлэлцээрийн хүрээнд батлагдсан УИХ-ын 103-р тогтоолд “Монголын талд дахин өр үүсгэхгүй” гэсэн агуулга бий. Энэ заалттай шинэ зээл харшилж байгаа ч, тогтоолын хэрэгжих хугацаа өнгөрсөн юм билээ. Тодруулбал, гүний уурхайн эхний олборлолт эхэлсэн 2023 оны нэгдүгээр сараас хойш энэ заалт хэрэгжихээ больсон байдаг.