Монголдоо төдийгүй дэлхийн гоо сайхны зах зээлд танигдаж, олон улсад бүтээгдэхүүн худалдан борлуулдаг “Энари” гоо сайхны барааны бөөний төв найм дахь салбараа нээж байгаатай холбогдуулан охид бүсгүйчүүддээ мэдээлэл өгөх зорилгоор “Энари Энжи ХХК”-ийн захирал О.Адъяахүүтэй ярилцлаа.
-Сайн байна уу, юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Онгооборын Адъяахүү гэдэг. Би Увс аймгийн Зүүнхангай суманд төрж, өссөн.
-Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнийг анх хэрхэн борлуулж эхэлсэн юм бэ?
-Бид эцэг, эхээс есүүлээ. Оюутан болоод бусдын л адил хот бараадаж, хотын айл болсон. Аав минь лам хүн байлаа. Дүү нар маань тэр үед зарим нь амьдралаа дээшлүүлнэ гээд солонгос явж эхэлсэн юм. Би Багшийн коллежоо төгсөөд хоёр ч хүүхэдтэй болчихсон байсан. Ингээд солонгос руу мөнгө олох гэж яваад жорлон угааж, цэвэрлэгээ хийж эхэлсэн. Тэр үед сармисны тариа дөнгөж гарч ирж байсан юм. Ядаргаагаа тайлах гэж өөрөө сармисны тариа хийлгээд, түүнийгээ ухаж гүнзгийрүүлэн судлаад бизнес болгож хөгжүүлсэн. Үйлдвэр дээр нь очиж уулзаад, уйгагүй явсан даа. Манайхан бүгд л байр савтай болж, түрүүчээсээ буцаж байхад би тэнд дөнгөж бизнесээ эхэлж байлаа. Хоёр хүүхдээ үлдээгээд явсан хүн чинь том хариуцлага үүрдэг юм билээ. Ажилд гарахдаа чихэвчээ хийж аваад л дуу аялаад гүйчихнэ. Ингээд би гоо сайхны барааг уйгагүй судалж эхэлсэн дээ. Мөнгө үнэндээ жулдаж байлаа. Хамаг цалин, мөнгөөрөө өртөг өндөртэй бараа авна. Тэр үед аавын минь өгсөн 13 сая төгрөг миний бизнесийн эхлэл болсон юм. Ааваас мөнгө асууж чадахгүй эгчээрээ дамжуулж авахдаа, “Дүү нь мөнгө олж байгаа. Мөнгөөр биш мөнчгөрөөрөө хүн амьдардаг юм байна” гэж хэлж билээ. Ингээд л хоёр тоннын даацтай машин унаад бараагаа татаж эхэлсэн дээ. Монгол таун руу камаз камазаар нь ачаа буулгаж, бөөндөж зардаг боллоо. Монголын зах зээл дээр монопольдож, 150 мянгаар зарагддаг барааг би есөн мянган төгрөгөөр бөөндөж байлаа.
-Энэ үнэхээр сонирхолтой санагддаг. Үнэтэй бүтээгдэхүүнээс олныг авахаар тэгж хямдардаг юм уу?
-Хэрэглэгчийн үнэ, нийлүүлэгчийн үнэ хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Солонгос хүмүүс ч энэ үнээр бүтээгдэхүүн худалдаж авч чаддаггүй. Бүтээгдэхүүний чанарыг тэд өөрсөө мэддэг учраас манайхаас чемодан дүүрэн юм худалдаж аваад явдаг юм. Би улаан нүүрээрээ лайв хийсэн ч бүтээгдэхүүнийхээ чанарын тал дээр бардам байдаг. Энэ бол сүлжээ биш, сугалаа биш. Би ер нь хөдөлмөргүй горьдлогод маш дургүй хүн. Гоо сайхны бүтээгдэхүүн нь их хэмжээний санхүүг түгждэг. Солонгос бол гоо сайхны үйлдвэрлэлээр дэлхийд №1. Цаг тутамд төгсөрч буй орц найрлагыг нь судлахад хүртэл хурдыг нь гүйцдэггүй. Үйлдвэр дээр нь очоод захирлуудын хэлсэн үнээс би буулгаж авч чаддаг. Харин түүнийгээ маш хямд борлуулдаг. Би чинь бараг буяны байгууллага шиг л ажилладаг хүн шүү дээ. Миний дор олон хүн ажилладаг. Бүгд одоо том захирлууд болсон.
-Ингэхэд та “Энари” нэрийн бүтээгдэхүүнээ хэрхэн анх гаргаж ирсэн бэ, ямар замналыг туулж өдий хүрэв?
-Энэ их сонин түүх. Би энэ талаар өмнө нь дэлгэж байгаагүй юм байна. Маш их хөдөлмөр, санхүү, цаг хугацааг туулсан учраас өнөөдөр ам нээх хэрэгтэй гэж бодож байна. “Энари”-гийн үйлдвэр бол Солонгостоо топ таван үйлдвэрийн нэг. Хамгийн сайн үйлдвэр гэдгээр нь би сонгож авсан. “Энари” массын бараа биш. Зарим бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд дараа нь авъя гэхээр олдохоо больчихсон байдаг. Харин “Энари” бол насан туршийн нэртэй минь хамт үнэлэгдэж үлдэх бүтээгдэхүүн юм. Би бөөний бараа эрхэлдэг хүн учраас надаас хүмүүс маш хямд бүтээгдэхүүн авч сурсан байдаг. Олон жилийн турш хамтарч ажилласан солонгос захирлаас би хамгийн чанартай, хамгийн гоё бүтээгдэхүүнийг байж болох хамгийн хямд үнээр хийж өгөхийг нэг ёсондоо бараг шаардсан гэж хэлж болно. Хүмүүс нэг удаа худалдаж авсан л бол дахиж ирж авдаг, бусдаас ялгарч чадахуйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгөөч гэж хэлсэн. Солонгосын талаас дэлхийн одуудын худалдаж авдаг хамгийн гоё бүтээгдэхүүнийг хийж өгье, харин сав баглаа боодол дээрээ та үнэлгээгээ өөрөө сонго гэсэн. Би гялгар, гялтгар үнэтэй чамин хайрцагны оронд хамгийн энгийн төсөр савлагааг сонгож, бүтээгдэхүүнийхээ чанарыг нэгдүгээрт тавьсан. Манай гоо сайхны бүтээгдэхүүн стандарт савлагаатай. Харин хүмүүс том савтай, гялгар хайрцагтайг нь сонгодог.
-Гоё сайхан хайрцаг саванд хууртдаг нь гоо сайхнаа золиосолж байгаа л хэрэг байх даа?
-Хэрэггүй юманд мөнгө үрж байгаа байхгүй юу. “Энари”-гийн хувьд часхийсэн чанартай бүтээгдэхүүнийг байж боломгүй хямд өртгөөр санал болгодог. Манай орны цаг агаар хуурай, ширүүн. Сэвх, нөсөө, толбо, хуурайшлыг бүрэн шийдэж өгөх төгс бүтээгдэхүүн л л бидэнд хэрэгтэй.
-Монголын зах зээл дээр “Энари” таны бодож байсан үр дүнд хүрсэн үү?
-Янзын. Би гоо сайхны бүтээгдэхүүнийг бүрэн судалсан. Хэрэглэж үзсэн хүн чанарыг нь хэлнэ дээ. Яах аргагүй гоё. Тариа оруулж ирдэг байхаасаа л гоо сайхны эмнэлгүүдийн эмч нар, гоо сайханч нартай танилцаж, нөхөрлөсөн. Тэд нар маань бүгд хэрэглэдэг. Арьсны батга, сэвх гээд бүх төрлийн асуудлуудыг бүрэн шийддэг. Ер нь чанартай юм хэрэглэдэг, юм мэддэг хүмүүс л их авдаг даа. Зарим хүмүүс жижиг савтай, эссенц багатай гэдэг. Гэтэл чанарын хувьд “Энари”-тай ярих юмгүй.
-Маш олон бүтээгдэхүүнийг туршиж үздэг ч үр дүн муутай, мөнгөний гарз болох тохиолдол их байдаг шүү.
-Би нас 50 хүрч байна. Миний арьсны бүх асуудлыг энэ бүтээгдэхүүн шийдэж өгдөг. Үнэтэй бүтээгдэхүүн олныг хэрэглэлээ. “Энари”-г гүйцэх бүтээгдэхүүн байхгүй л байна. Солонгосын гоо сайхны ертөнцийг бүхэлд нь “уншдаг” хүний хувьд “Энари” бол миний хувьд сүүлийн зогсоол.
-Шинэ салбараа нээж байгаа гэж сонслоо. Нийт хэдэн салбартай болж байна вэ?
-Найм дахь салбараа Модны хоёрт нээлээ. Кофе шоптой, харьцангуй өргөн талбайтай тохилог салбар бий болсон. Нүх шиг байхад нь нүсэр засвар хийж тохижууллаа. Солонгосоос гоо сайхан, саван, шампунь, будаа, кофе оруулж ирж байгаа. Хятадаас дуураймал нь орж ирж байгаа болохоор хүмүүс тэр бүр ялгахгүй байна л даа. Чанаргүй хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг. Хүний арьсаар дамжиж цусанд ороод арьс улам эмзэгшиж байна. Манайхан хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанарыг мэдэхгүй, том савтай, гялгар бүтээгдэхүүнд хууртаад байдаг.
-Таныг олон улсын зах зээл дээр худалдаа хийдэг гэдгийг сая л мэдлээ. Энэ тухайгаа ярьж болох уу?
-Солонгосын чанартай гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон үйлдвэртэй хамтарч ажилладаг. Бүтээгдэхүүний үнэ, тоо ширхэг, дуусах хугацааг судалж үзээд Вьетнам, Казахстан, Малайз, Тайланд, БНХАУ, барууны зарим улс орнуудад санал болгож олон тоогоор худалддаг. Харин үлдэгдэл бараагаа Монголдоо авч ирж бөөнөөр, бэлнээр нь зардаг юм.
–-Миний бодлоор солонгосчууд л үйлдвэрээсээ гадаадын зах зээлд худалдмаар юм. Гэтэл монгол хүн аваад зараад байдаг нь их сонирхолтой санагдлаа?
-Уг нь ямар нэг үйлдвэрийн менежер солонгос хүмүүс гадаад руу зардаг байлаа л даа. Гэтэл нэг овсгоотой монгол ороод ирэхгүй юу. Солонгос хүмүүс ч олж авч чаддаггүй юмны “нүх”-ийг нь олоод хийгээд байгаа хэрэг.
-Сүүлийн үед ашигтай бактер, бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдах боллоо. Зарим нь солонгос бүтээгдэхүүнийг яг дуурайлгаж хятадад үйлдвэрлэснийг нь оруулж ирдэг ч гэцгээх юм. Хуурамч, жинхэнэ гэж байдаг уу?
-Солонгост хуурамч, жинхэнэ гэсэн ойлголт байхгүй. Агуулахын үлдэгдэл бараа л гэж бий. Миний хувьд хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрээс нь захиалж цоо шинээр нь авдаг. Хятадад хийсэн гоё чамин савтай бүтээгдэхүүн зардаг хүмүүс байдаг л байх. Миний хувьд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хаанаас яаж олж авах угийг нь барьж авсан хүн. Намайг мэддэг, надтай хамтарч ажилладаг хүмүүс хэзээ ч алддаггүй. Надад олон жил болсон фэйсбүүк группууд байдаг. Ер нь энэ салбарт луйварчид ч бий. Шүүх, цагдаагаар явж байгаа шийдэгдээгүй хэргүүд гээд ярьвал их юм бий. Надаас бөөнийхөн голдуу ирж бараа авдаг юм. Би харилцагч нараа сайн муу, том жижиг гэж ялгадаггүй. Бөөний бараа өртөг өндөр, ашиг бага. Надаас нэг юмаа дагнаж авдаг хүмүүс ч байдаг.
-Энэ бүх хугацаанд шантрах үе хэр их гарч байв?
-Бурхны авралаар бас ч гайгүй шүү. “Хүний сэтгэл хэзээ цадна, тэр цагт хүн баян” гэдэг шиг би ажлаа баяртайгаар хийж байсан учраас айхтар хэцүү байгаагүй. Зарим үед үнэ цэнээ мэддэггүй, стресстэй хүмүүстэй таарах төвөгтэй байдаг. Харин миний амжилтын түшиг бол миний охин гэж боддог шүү. Ар сайтай байсан учраас би сэтгэл зовохгүй ажлаа хийж чаддаг байсан. Охин минь хэрсүү, дүүгээ хараад дэндүү мундаг байсных нь гавьяа. Одоо Ганнам дүүргийн хамгийн сайн сургуульд тэтгэлгээр суралцаж магистр хамгаалаад, докторт сурч байгаа. Би эндээс охиндоо гоо сайхны бүтээгдэхүүн явуулдаг. Тэндээс авъя гэхээр үнэтэй хэрнээ миний авдаг бүтээгдэхүүний чанарыг нь гүйцдэггүй. Манай бүтээгдэхүүний үйлдвэр нь тансаг, тийм гоё байхгүй юу. Урлаг соёлынхон бол ер нь андахгүй дээ.
-Та цаашид юу хийхийг зорьж байна?
-Би хүрэх ёстой уулынхаа бэлд нь ирсэн гэж боддог. Оргилд хүрэхийн тулд зорьсон зүйл бий. Зах зээлийн шударга өрсөлдөөн дунд явж ирсэн хүний хувьд брэндийнхээ төрлийг нэмэгдүүлнэ гэж боддог. Хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар оруулж ирсээр байх болно. “Энари” гэдэг бүтээгдэхүүн монголын гоо сайхны ертөнцөд өөрийн цаг үедээ үнэхээр чанартай, үнэхээр хямд юм байна гэдгийг нийт массд бүтэн таниулъя л гэж бодож байна.
-Үүний цаана эрүүл гоо сайхны төлөөх хөдөлмөр зүтгэл байгаа нь сайхан санагдаж байна шүү.
-Хүн бүр л гоё сайхан юм хэрэглэхийг бодно. Гэтэл бүгд л ардаа байр, машины лизингтэй, монголын нийгэм ямар байдаг билээ дээ. Хүний амьдралаар хүн амьдарч үзэх биш. “Үүнийг түрхээд л мэсгүй гоё болно, 20-30 жилээр залуужна” гээд л яриад рекламдаад байдаг. Үнэхээр чанартай бүтээгдэхүүнийг баяртайгаар хэрэглэж байвал тэр буян биз дээ.
-Тийм шүү, таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа.
Ярилцсан Ж.Ган-Өлзий