“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр/2023.12.2/ боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Ж.Ням-Эрдэнэ үзүүрлэв.
О.Хангай аварга тус барилдаанд түрүүлснээр бөхийн өргөө, заалны барилдааны 28 дахь түрүүгээ хүртэж, 2000 оноос хойш заал танхимын барилдаанд хамгийн олон түрүү хүртсэн улсын цолтой бөхчүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Түүнээс өмнө Ч.Санжаадамба аварга 27 удаа түрүүлээд байсан юм.
Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа. Харин наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Д.Анар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын харцага Б.Цэдэнсодном нар үлдэв.
“Эм Жи Ө транс” ХХК-аас уран барилдааны шагналыг аймгийн арслан Э.Буянтогтоход, уран дархан н.Гансүх өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид тус тус гардуулсан юм.
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан улсын манлай заан Д.Мягмарт МҮБХ болон Ховд дэвжээ, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, шавь нар, үе тэнгийн бөхчүүд, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлжээ.
Тус барилдааны зохион байгуулагчдын зүгээс барилдсан бүх бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, үзэгчдийн дундаас есөн азтай үзэгч тодруулан тус бүр нэг сая төгрөг гардуулсан.
Мөн түрүү бөх долоон сая, үзүүр бөх таван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд гурван сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардсан аж.