Пакистаны парламентын сонгууль ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2024.02.08/ болно. Тус сонгуульд нэр дэвшсэн Рехан Зеб Хан лхагва гарагт /2024.01.31/ кампанит ажлаа хийж явахдаа буудуулж, амь үрэгдсэн байна.
Тус хэрэг гарсан Кайбер Пахтунхва мужийн цагдаагийн алба мэдэгдэл гаргахдаа Ерөнхий сайд асан Имран Ханы Техрик и Инсаф намтай холбоо бүхий Хан төлөвлөсөн аллагад өртсөн хэмээжээ. Түүнийг Бажаур хотын нэгэн худалдааны захад машинтай явж байхад зэвсэглэсэн этгээдүүд гал нээсэн аж.
“ISIS-K” нэртэй бүлэг тус халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн байна. Пакистанд сүүлийн хэдэн долоо хоногт улс төрийн хүчирхийлэл нэмэгдсэн. Тухайлбал нэгдүгээр сарын 10-ны өдөр нэр дэвшигч Малик Калем Уллах кампанит ажлаа хийж явахдаа буудуулж амь үрэгджээ.
Мөн лхагва гарагт Пакистаны Ардын нам, Пакистаны Лалын лиг намаас нэр дэвшигчдийн хувийн орон сууц, ажлын байр халдлагад өртөж, 15 хүн гэмтсэн байна. Мөн мягмар гарагт /2024.01.30/ Техрик и Инсаф намын сонгуулийн кампанит ажлын үеэр дэлбэрэлт болж дөрвөн хүн амь үрэгдсэн.
Улс төрийн хүчирхийлэл нэмэгдэж буй асуудлын хариуд Пакистаны сонгуулийн хороо аюулгүй байдлын албаныхантай пүрэв гарагт яаралтай хуралдсан байна.
Эх сурвалж: CNN