Папуа Шинэ Гвиней улсын алслагдсан уулархаг бүс нутагт гарсан овог аймгуудын мөргөлдөөний улмаас 64 хүн алагдсан тухай тус улсын албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Ням гарагийн үүрээр Энга мужийн Вапенаманда дүүрэгт болсон энэхүү эмгэнэлт явдлыг Папуа Шинэ Гвинейн орчин үеийн түүхэнд гарсан хамгийн том аллага гэж үзэж байна.
Мөргөлдөөн Амбулин, Сикин овгууд болон тэдний холбоотон овгуудын хооронд гарсан тухай эх сурвалж мэдээлжээ.
Орон нутгийн цагдаагийн газар Даваа гарагийн өглөө мөргөлдөөн гарсан газрын ойролцоогоос 64 хүний цогцос олсон байна.
Овгууд мөргөлдөөндөө АК47, M4 зэрэг автомат буунууд ашигласан нь хохирлын хэмжээнд нөлөөлсөн бололтой. Алагдсан хүний тоо цаашид өсөх магадлалтай байгаа талаар мэдээлжээ.
Энэ удаагийн мөргөлдөөнд оролцсон овгууд өнгөрсөн онд бас тулалдсан бөгөөд тухайн үед 60 хүний амь үрэгдэж байсныг Австралийн телевиз (ABC) мэдээлсэн байна.
“Энэ бол миний мэдэхээр Энга мужид гарсан хамгийн том аллага. Бүс нутгийн хэмжээнд, бүр Папуа Шинэ Гвиней улсын хэмжээнд ч хамгийн том байж магадгүй. Бид бүгд сэтгэл санааны асар их дарамтад орсон. Яагаад ийм аллага гарсныг ойлгоход үнэхээр хэцүү байна” гэж тус улсын цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтан Жорж Какас ярьжээ.
Папуа Шинэ Гвинейн засгийн газар эхний ээлжид зэвсэгт хүчний 100 алба хаагчийг Энга мужид илгээсэн ч хүч дутагдах төлөвтэй байгаа тул дахин нэмж хүч илгээхээр болсон байна.
Тус улсын хамгийн ойрын түнш Австрали улсын ерөнхий сайд Энтони Албаниз “Папуа Шинэ Гвинейгээс маш их түгшүүртэй мэдээ хүлээж авлаа. Бид тус улсын цагдаагийн хүчнийг сургаж бэлдэх, аюулгүй байдлыг хангахад ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн” гэж өнөөдөр өглөө хэвлэлд ярьжээ.
Папуа Шинэ Гвиней улсын алслагдсан, уулархаг хойд нутагт маш олон тооны овог аймгууд уламжлалт хэв маягаар амьдардаг. Тэд хоорондоо 800 гаруй ялгаатай хэлээр харилцдаг тул Папуа Шинэ Гвиней нь дэлхийн хамгийн олон хэл бүртгэгдсэн улсад тооцогддог юм.
Эх сурвалж: Aljazeera