Парисын гудамжинд үнсэлцэж буй хосын алдартай гэрэл зурагт залуу насаа мөнхөлсөн эмэгтэй 93 насандаа таалал төгсжээ.
1950 онд алдарт гэрэл зурагчин Роберт Дуасногийн буулгасан “The Kiss by the Hotel de Ville” нэртэй бүтээлд дүрслэгдсэн хосын эмэгтэй нь Франсуа Борне юм.
Борне тухайн үед найз залуу Жак Картотой гудамжинд үнсэлцэж зогссон нь гэрэл зурагчны анхаарлыг татжээ. Дуасно тэдэнтэй уулзаад дахин үнсэлцэхийг гуйж, багахан хэмжээний мөнгө төлсөн байна.
Дуасно тухайн үед Life сэтгүүлийн захиалгаар Парисын оршин суугчдын хайр дурлалыг харуулсан гэрэл зургуудыг авч байжээ. Харин хос залуус драмын ангийн оюутнууд байсан юм.
Борне зураг дээрх эмэгтэй мөн болохоо батлахын тулд Дуасногоос эх хувийг гарын үсэгтэй нь авч байжээ.
Олон жил архивт дарагдсан энэ гэрэл зургийг 1980-аад оны эхээр нэгэн сурталчилгааны мэргэжилтэн олж үзсэнээр дэлхий дахинд Парис хотын бэлгэдэл болон алдаршжээ.
Өнгөрсөн хугацаанд зурагт дүрслэгдсэн хосын нэг гэж өөрийгөө тодруулсан олон хүн гэрэл зурагчинтай заргалдаж, орлогоос нь хувь нэхэж байв. Мөн зурагт гарсан өөр бусад хүмүүс ч заргалдаж байжээ.
Гэхдээ тэдний хэн нь ч амжилт олоогүй юм.
Франсуа Борне 2005 онд өөрт хадгалагдаж байсан зургийн эх хувийг үнэ хаялцуулан зарахад 150,000 евро хүрсэн байна.
Зураг авхуулсныхаа дараахан Борне, Карто нар салжээ.
Гэрэл зурагчин Дуасно 1994 онд, Борнегийн хуучин найз залуу Карто 2006 онд тус тус нас барсан байна.
Франсуа Борне өнгөрсөн Зул сарын баярын өдөр “мөнхийн үнсэлтээ үлдээгээд явсныг” Францын сэтгүүлч Маргот Никодем өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: BBC