Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас сонгуулийн бэлтгэл ажил тойрсон зарим асуудлыг тодруулж, ярилцлаа.
-Хүн амын тоо гэдэг шалгуураар авч үзвэл Улаанбаатарт мандат багадсан нь үнэн–
-Та өмнө нь “сонгуулийн тойргийг бүсчилж тогтоохоор бол хүн амын тоо, газар нутгийн хэмжээтэй уялдуулах ёстой” гэж ярьж байсан. Хэр уялдаж чадав?
-УИХ-ын сонгуулийн тойргийг байгуулах нь парламентын бүрэн эрхийн асуудал. Ингэхдээ Сонгуулийн тухай хуульд нийцүүлэх ёстой. Үүнийхээ дагуу шийдэж, тогтоол гаргасан. Бүсчилсэн байдлаар 13 тойрогтойгоор байгууллаа.
Харин СЕХ үүнд ямар нэгэн байдлаар санал гаргах, оруулах боломжгүй. Сонгуулийн тухай хуулийн дагуу хоёр асуудлыг анхаарах учиртай. Нэгдүгээрт, сонгогчдыг тоог харгалзаж үзнэ. Хоёрдугаарт, газар нутгийн байршил, хэмжээг харгалзан үзнэ. УИХ мэдээж энэ шалгуураар тойргоо байгуулсан.
–“Улаанбаатар хамгийн их хүн амтай ч, цөөхөн мандат хуваариллаа” гэх шүүмжлэл маш их гарсан. Үүнтэй санал нийлнэ биз дээ?
-Улаанбаатарыг хүн амын тоо буюу сонгогчдын тооны дунджаар аваад үзвэл өндөр л дөө. Төвлөрөл ихтэй. Хүн амын тоо гэдэг шалгуураар авч үзвэл мандат багадсан нь үнэн. Олон мандаттай байх ёстой. Нөгөө талаар газар нутгийн хэмжээ гэдэг шалгуураар авч үзвэл хөдөө орон нутагт илүү олон мандат хуваарилагдахаар. Тэгэхээр УИХ энэ хоёрыг тэнцүүлэн үзэж, тойргоо бүсчилсэн байх гэж бодож байна.
-78 тойргоос, 48 жагсаалтаар гишүүн болж сонгогдох учиртай. Нам бүр 48 нэр дэвшигчээ дэвшүүлэх ч, саналын хуудас дээр нам дугуйлснаар хувь тэнцүүлэх байдлаар 48 гишүүн гаргаж ирнэ гэдгийг манай уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлаад өгөөч?
-126 нэр дэвшигчийн 48 нь пропорциональ буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдож гарч ирнэ. Нэг нам 48 мандатыг нэр дэвшүүлэх эрхтэй. Одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. Нам бүр 48 хүн нэр дэвшүүлэхэд нэлээн олон тоо гарна. Гэхдээ намууд сонгуульд оролцохдоо эвсэл байгуулж болно. Тэгвэл эвслээсээ 48-ийг дэвшүүлнэ гэсэн үг. Ингээд үзвэл сонгуульд оролцох субъект буюу нам, эвсэл хэд байх вэ гэдгээс шалтгаална. Тэгээд сонгогчдод танилцуулна гэсэн үг. Сонгогчид саналын хуудсан дээр нам дугуйлах байдлаар саналаа өгөх юм. Өөрөөр хэлбэл 48 нэр дэвшигчийн нэр саналын хуудаст бичигдэхгүй. 48 нэр дэвшигчээ нам дотроо эрэмбэлнэ. Өөрсдөө сонгогчдодоо танилцуулан сурталчилгаагаа хийнэ.
–Сонгуулийн саналын хуудсыг нэг байлгаж, нөгөө талд нь дамнуулан хэвлэх шаардлага үүсч магадгүй-
-Манай улс 2012 оны сонгуулийг л холимог тогтолцоогоор явуулж байсан түүхтэй. Тухайн үед саналын хуудсаа босоо хэлбэрээр хэвлэж байж. Энэ удаад саналын хуудас босоо эсвэл хөндлөн байх уу. Нөгөө талд нь дамнан хэвлэгдэх үү. Хамгийн сүүлд намуудын нэрсийг оруулах байдлаар хэвлэх үү?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална” гэж заасан байдаг. Тэгэхээр манайх хуралдаж байж батална. Цаг хугацааны хувьд саналын хуудас батлах асуудал арай эрт байна. Болоогүй. Гэхдээ бид пропорциональ болон мажоритар талуудаа оролцуулаад байж болох хэмжээ хэд байх вэ гэдэгт туршилт хийж үзэж байгаа. Ер нь нэг л хуудастай байхаар тооцоолж байна. Хэлбэрийн хувьд босоо байна. Яагаад гэвэл санал тоолох төхөөрөмж нь цаасыг босоо хэлбэрээр л унших зориулалттай юм. Харин босоо хэлбэрийн саналын хуудаст хоёр эсвэл гурван багана байх уу гэдэг нь өөр асуудал. Үүнийг намуудын оролцоо, нэр дэвшилтийн байдал зэргээс шалтгаалан шийдвэрлэнэ.
2012 оны сонгуулиар нэг саналын хуудсыг ар, өвөргүй бөглөх байдлаар хэвлэж байсан. Одоо нэг нүүрэнд багтахгүй бол 2012 оных шиг дамнуулан хэвлэх магадлалтай гэсэн урьдчилсан тооцоолол байна.
-Бүтэн нэг нүүр, эсвэл хоёр нүүр саналын хуудас тогтож харах тул уужуу тайван саналаа өгөх боломжоор хэрхэн хангах вэ. Өөрөөр хэлбэл хуудас бөглөхөд хугацаа заах уу?
-Нэр дэвшигчдийн нэр олон. Энэ хэрээрээ саналын хуудас том байна. Мажоритар болон пропорциональ гэсэн хоёр тэмдэглэгээ хийнэ. Мажоритар тал дээр 78 мандат дээр тэмдэглэгээ хийнэ. Пропорциональ тал дээр нэг намыг дугуйлах тэмдэглэгээ хийнэ. 2020 оны УИХ-ын сонгуультай харьцуулбал өөр. Саналын хуудасны багтаамж том. Олон нийтэд таниулан сурталчлах ажил маш их шаардлагатай. Энэ үүднээс төрөл бүрээр таниулахаар ажиллаж байна.
Хэсгийн хороодын тоог нэмнэ. Хэсгийн хороодын тоо нэмэгдэхийн хэрээр бүртгэлийн ажиллагаа нэмэгдэнэ. Хурдтай ажиллана. Мөн санал хураах кабинуудын тоог ч нэмнэ. Тоо нэмэхийн хэрээр иргэд, сонгогчид саналаа тайван, нягт няхуур, ул суурьтай хандаж өгөх бололцоо бүрдэнэ гэж бид үзэж байгаа.
-Үүнээс үзвэл санал хураалтын байр, бүртгэлийн ажилтнууд олон байх шаардлага бас үүсэх нь?
-Зургаадугаар сарын 28-нд санал хураалт явагдана. Энэ үед сургууль цэцэрлэгүүд бүрэн амарсан байх тул санал хураалтын байрны асуудал шийдвэрлэгдэнэ гэсэн үг. Том байрууд ашиглах төлөвлөгөөтэй байгаа. Санал хураах ажиллагааг оочер дараалал үүсгэхгүйг хичээнэ. Санал хураалтын болон бүртгэлийн ажилтнуудаа сайн сургах, мэргэшүүлэх ажил их чухал. Энэ хүмүүс л мэргэжлийн туслалцааг сонгогчдод өгөх учиртай.
–Олон нэр дэвшигчтэй тул сонгуулийн ирц өндөр байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна-
-Бас нэг асуудал бий. Том нам юм уу, ахмад гишүүд санал хураалтын хуудсын эхэнд бичигдэх боломжтой. Харин шинээр нэр дэвшиж буй залуучууд сүүлд бичигдэхээс эхлээд асуудал бий. Мөн залуучуудад танигдах боломжийг нь хэр олгох вэ?
-Нам, эвслийн сонгуулийн тактик. Нэр дэвшигч нь сурталчилгааны арга хэлбэрээ оновчтой хийхийг шаардсан нөхцөл байдал үүсэх юм. Түүнээс биш бид “залуу эсвэл настай нэр дэвшигч ингэнэ, тэгнэ шүү” гэж зааж, зааварлахгүй. Нэр дэвшигчид бол сонгогдох эрхээ эдэлж буй хүмүүс. Сонгогдох эрхийг нь эдлүүлэхийн тулд тэгш боломжоор хангах ёстой. Тэгш боломжоор хангахын тулд сурталчилгааны багтаамж, хүртээмжид анхаарах ёстой. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилгаагаа явуулах тэнцүү боломжийг олгох заалтыг хуульд тусгасан байдаг.
-УИХ-ын гишүүд хуулийн ямар зөрчлүүд гарч болох эрсдлийг асууж байна вэ. Мөн шинээр нэр дэвшигчид юуг онцгойлон лавлаж байна?
-Гарч болох хуулийн эрсдэлийн талаар одоохондоо бидэнд хэлсэн, хандсан зүйл алга. Харин хуулийг яаж хэрэгжүүлэх вэ, “ингэвэл зөв үү, буруу юу. Ингэж ойлгох нь зөв үү” гэсэн лавлагаа, зөвлөмж авч байна. Бид ч хуулиар заасан үүргийн дагуу сургалт, семинар явуулж байх жишээтэй. Одоогоор шинэ нэр дэвшигчид биш намууд лавлагаа их асуудаг. Улстөрийн намын удирдах түвшний хүмүүс сургалт авч байна. Маргааш /өнөөдөр/ улстөрийн намуудад сонгуульд хэрхэн бэлтгэх, цаг хугацааны хуваарь, хуулийн зохицуулалтын талаар мэдээлэл өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Сонгуулийн ерөнхий хороо сонгууль хүртэл сонгогчдын боловсролд зориулж хэчнээн ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хоёр зүйл рүү тодорхой чиглэсэн байх учиртай. Нэгдүгээрт, сонгуульд хууль ёсны дагуу чөлөөтэй, идэвхтэй, нээлттэй, шударга хэрхэн оролцох талаарх тодорхой ойлголтыг өгч, хууль дүрмээ таниулах ёстой асуудал.
Хоёрдугаарт, ирцийг өндөр байлгах гэдэг асуудал. Нийгмийн тодорхой бүлэг, нэн ялангуяа залуучууд руу чиглэсэн ажил хийх юм. Нэмээд улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг залуучуудыг сонгуульд саналаа өгөхөд нь анхаарах гэхчлэн ажлуудыг бид зохион байгуулах ёстой.
Өөрөөр хэлбэл, нийгмээрээ сонгуульд оролцох боломжийг хангах буюу ирцийг өндөр байлгах тал дээр анхаарах юм. Ийм хоёр ажлыг идэвхтэй явуулахаар төлөвлөгөө боловсруулж байна. Хийгдээд эхэлчихсэн ажлууд ч бий.
-Ирц яалт ч үгүй тулгардаг том асуудал. Энэ удаагийн сонгуулийн ирцийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Энэ жилийн УИХ-ын сонгуулийн ирц өндөр байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Хувь хүний төсөөлөл. Өрсөлдөөн хэр ширүүн болох уу гэдгээс гадна олон нэр дэвшигчтэй байх тусам сонгуулийн үйл ажиллагаа идэвхтэй, өргөн хүрээтэй болдог. Тэр хэмжээгээрээ ирц өндөр байдаг талтай. Ирцийг өндөр байлгахын тулд сурталчилгааны олон арга хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа цахим орчин дахь сурталчилгаагаа сайжруулах шаардлагатай. Гэхдээ уламжлалт сурталчилгааны хэлбэрийг орхиж болохгүй. Сонин, сайт, радио, зураг, ухуулах суриалчилгааны самбар зэргээр сонгогчдод ойлголт өгөх бүхий л арга хэлбэрийг ашиглах нь их чухал.
-E election цахим системийг ашиглаж, сонгуулийн зохион байгуулалтыг олон нийтэд ил, тод байлгах ажлыг хийнэ-
–Технологийн дэвшлийг хэр ашиглах вэ. Магадгүй цахим санал хураалтыг зарим хэсэгт ашиглах уу?
-Цахим санал хураалт гэж байхгүй. Дараагийн сонгуулиар боломжтой болчих байх гэж бодож байна. Цахим сонгууль гэдэг нь бүх нийтээрээ цахимаар өгөхийн нэр биш. Гэхдээ сонгуульд санал өгч буй хүнд уламжлалт аргаар, шуудангаар, цахимаар өгдөг байх боломжууд хэрэгтэй. Дараагийн сонгууль хүртэл энэ бүх боломжийг бий болгох ёстой. Энэ жил E election гэдэг цахим системийг ашиглахаар хөгжүүлж байна. Үүгээрээ сонгуулийн зохион байгуулалтыг олон нийтэд ил, тод байлгах ажлыг хийх юм.
–Жишээлбэл?
-Жишээлбэл, сонгуулийн бүх шатны байгууллагад ажиллах хүмүүсийн бүртгэл, шалгалт, сертификат олголт зэрэг нь энэхүү системээр ил тод явагдах учиртай. Мөн сонгуульд санал өгөх хүмүүсийн ирцийг насны бүлгээр нь ангилан үзүүлнэ. Түүнчлэн камер ажиллуулна. Сонгууль өгөх байрны гадна, дотно талыг бүрэн камержуулна. Камераар дамжуулж буй үйл явцыг иргэд, улстөрийн намууд хүссэн газраасаа үзэж болно. Ийм дэвшлүүд хийгдэнэ.
–Саналын хуудсыг энэ жил ямар компани хэвлэх вэ. Бас л маргаан дагуулдаг сэдвүүдийн нэг шүү дээ. Хэн нэгэн сайдын компанид хэвлэх эрх өгчихлөө эсвэл хэвлэсэн хуудас нь асуудалтай байлаа гэхчлэн маргадаг?
-Саналын хуудасны загвар гарсны дараа шалгаруулалт хийнэ. Дараа нь харьцуулалт хийж, сонгон шалгаруулдаг. Саналын хуудас батладаг компани тусдаа байдаг. Манай харъяаных биш. Гэхдээ Dominion voting гэх компанийн өөрийнх саналын хуудсыг хэвлэх зөвшөөрөлтэй компаниуд байдаг юм. Тэр бол бидэнд ерөөсөөр хамааралгүй. Зөвшөөрөлтэй компаниудын дунд харьцуулалт хийж байгаад л хэвлүүлнэ гэсэн үг. Түүнээс биш ашиг сонирхлын зүйл байхгүй.
–3000 хар машинтай. 2000 гаруй хэсгийн хороодод зэрэгцүүлж тавих нөөцтэйгээр ашиглана. Санал тоолох төрөөрөмжийн системээ солиогүй. Манайд найдвартай гэдгээ харуулсан–
–Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хар машинаа солино гэж байсан. Энэ удаад ямар улсынхныг ашиглах вэ?
-Dominion voting гэх компанийн санал тоолох төхөөрөмжийг ашиглана. Хар машины албан ёсны нэршил нь санал тоолох төхөөрөмж. 2012 оны сонгуулиас хойш ашигласан машинуудаа шалгаад шаардлага хангаагүйг нь акталж, шаардлага хангасныг нь ашиглаж байгаа. Ашиглалтын хугацааных талаарх бүх дүрэм, журмыг ТӨБЗГ гаргасан. Сая 2023 оны төсвийн тодотголоор 500 гаруй төхөөрөмж авсан. Одоо нийт 3000 хар машинтай. 2000 гаруй хэсгийн хороодод зэрэгцүүлж тавих нөөцтэйгээр ашиглана гэсэн үг. Өөрөөр хэлбэл санал тоолох төрөөрөмжийн системээ солиогүй. Манайд найдвартай гэдгээ харуулсан.
–Цаг гарган ярилцсанд баярлалаа.