Тээврийн хэрэгслийг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр өнөөдрөөр дуусгавар болж байна. Энэ талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
П.Сайнзориг “Тодорхой захиргааны арга хэмжээ авч замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг болсон. Энэ бол эцсийн шийд биш. Тэгш, сондгойгоор явуулсан тодорхой цаг хугацааг туршиж үзлээ. Иргэд хүлээцтэй байж энэ асуудлыг ойлгож хамтран ажилласанд талархлаа. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэх эсэхээ олон нийтээсээ санал авч байж шийдвэрлэе гэсний дагуу 3 хоног санал авлаа. Өнөөдөр үр дүн гарсан. 55/45 харьцаатай буюу цаашид тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж нийслэлчүүд маань үзжээ. Тэгэхээр маргааш буюу хоёрдугаар сарын 1-нээс хуучин журмын дагуу буюу тодорхой өдөрт оролцдог хуваарийн дагуу замын хөдөлгөөнд ороод явах нь.
Өнөөдрийн замын нөхцөл байдал, автомашины тоог харахаар түр зуурын ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байлаа. Дугаарыг тэгш, сондгойгоор оролцуулж байхад 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Энэ нь эрчмийг нэмэгдүүлж тэг зогсчихгүй явсан. Амралтын өдрүүдээр харьцуулаад харахад 400 мянган тээврийн хэрэгсэл оролцож байна. Асуудал хүнд байгааг илэн далангүй хэлмээр байна. Маргаашнаас түгжирнэ. Нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Иргэд өөрсдөө ажил төрлөө зохицуулахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй.
Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байна. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянган нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.
Түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, 350 гаруй жолооч дутагдалтай байна. Бүх асуудлыг нэг дор өргөс авсан мэт шийдэх боломж байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа” гэв.
Харин Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед буюу арванхоёр болон нэгдүгээр сард 21:30 цаг гэхэд хөдөлгөөн сийрдэг байсан бол тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үед 23:00 цагийн үед хөдөлгөөний ачаалал бууран, сийрч байсан.
Судалгаагаар хичээл орж байх үед тээврийн хэрэгслийн тоо 19.1, хөдөлгөөн зохицуулалт 8.4 хувиар өссөн байгаа юм. Мөн Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 26.1 хувиар өссөн дүнтэй байна” гэлээ.