Онцгой байдлын байгууллагын аврагчдын хувцасны стандартыг Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд танилцууллаа.
“Гал унтраах ажиллагаанд өмсдөг алба хаагчдын иж бүрэн хувцас дотроо ангилагддаг. Объектын буюу ахуйн хүрээний болон ой хээрийн гал түймэртэй тэмцэх үед өмсөх тусгай хувцас гэсэн стандарттай.
Хувцасны хамт хэрэглэгдэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмж, бидний хэлдгээр байлдааны сүх, нэг бүрийн хэрэгсэл, дуулга малгай гээд хамгаалах тусгай хувцасны стандартад ордог. Энэ гурван төрлийн стандартын хамгаалах хувцсыг иж бүрэн хэрэгсэлтэй нь өмсөх журам байдаг.
Гал түймэр унтраах үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал түймэр унтраах дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжийг дагаж мөрдөх стандарт, нормын дагуу оролцдог.
Хоёр алба хаагчийн өмссөн хувцас нь томоохон хэмжээний гал түймэр гарахад өмсдөг хувцас.
Хар өнгөтэй нь БНХАУ-д, шаргал нь бид одоо худалдаж авдаг бөгөөд ОХУ-д үйлдвэрлэгдсэн хувцас. Польш, Францын төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах машинд таван ширхэг хувцас, амьсгалын бие даасан төхөөрөмжийн хамт иж бүрдлээрээ дагалдаж ирдэг.
Бидний ОХУ-аас худалдаж авч буй шаргал өнгөтэй хувцас нь хөвөнтэй дотортой, зуны улиралд дотрыг салгаад авдаг. Уг хувцасны гаднах материал нь +400 хэмд тэсвэртэй буюу галд тэсвэртэй, үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй. Тодорхой хугацаанд гал тэсвэртэй. Галд шатдаггүй материал, эд хөрөнгө гэж байхгүй.
Баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмж, баллонтой. Өмнө нь шүүсэн агаарын баг хэрэглэдэг байсан бол шахсан агаарын баг хэрэглэдэг болсон. Шахсан агаарын баг нь хүчилтөрөгчийн цэвэр агаараар амьсгалж буй учраас ачаалал авах хэмжээнээс шалтгаалаад дунджаар 40 минут ажиллана. Аврагчдад утаатай орчинд сандрах үед амьсгалаа хэрхэн зөв авах талаар сургалт явуулдаг юм. Нийт алба хаагчдын 80%-ийг эдгээр хувцсаар хангасан. Улаанбаатар хотод буюу гад түймрийн дуудлага ихтэй аврах ангиудын аврагчдад эдгээр хувцсыг өгсөн байгаа.
Аврагч өөрийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр гал унтраах ажиллагааг гүйцэтгэх дүрэмтэй. Гал түймэр унтраах үйл ажиллагаа явагдсаны дараа дүрэм, журам, тактикийн алдаа гарсан эсэхээ ярилцдаг. Хэрэв алдаа гаргасан бол дараагийн удаад засаад явдаг.
Гал унтраах үйл ажиллагаанд ямар нэгэн дүрэм журамгүйгээр явж очдог эд биш. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий объект, өндөр барилга, ил задгай газарт гарсан гал түймэрт ямар хошуу, хоолойг яаж хэрэглэхийг гал түймэр унтраах цусаар бичигдсэн дүрэмд заасан байдаг” гэв.
Гал унтраах болон шуурхай албаны машины жолооч нар гадаа тогтмол үүрэг гүйцэтгэдэг учир өвлийн хээрийн хувцастай байдаг. Объект дотор гал унтраах бол иж бүрэн хувцсыг өмсдөг болохыг тэрбээр хэллээ.
Хар хувцас нь өвлийнх бөгөөд норж, хөлддөг бол шаргал нь норолт багатай аж.