Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляци 2023 оны төгсгөлд 7.9 хувьтай гарсан байна. Инфляци 2022 онд 13.2 хувь гарсан бол 2023 онд 7.9 болж буурсан нь өсөлтийн хурдац 5.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Тоон мэдээллээс харахад, үнийн өсөлт 2023 оны аравдугаар сараас нэг оронтой тоонд орж, эрчимтэй саармагжиж иржээ. Түүнээс хойш гурав дахь сардаа нэг оронтой тоонд хадгалагдаж, тасралтгүй буурлаа.
Ийнхүү 2021 оноос хойш тасралтгүй өсч, 2022 оны зургадугаар сард оргил цэгдээ буюу 16 хувь даваад байсан үнийн өсөлт 16 сарын дараа хамгийн бага түвшиндээ бууж ирэв. Өөрөөр хэлбэл, жил хагасын хугацаанд инфляци 50 хувиар буурсан байна. Инфляци 2023 оны арванхоёрдугаар сард 7.9 хувь гарсны 35 хувь нь импортын бүтээгдэхүүнээс шалтгаалжээ. Статистикийн үндэсний хорооноос инфляцийг тооцохдоо нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, үнийг нэг сагсанд хийн судалдаг. Тэдгээрийн 221 нь импортын бараа байна. Монголчууд хэрэглээний сагсныхаа 46 хувийг гадаадаас худалдаж авдаг гэсэн үг. Тиймээс инфляцийг ерөнхий үнэ гэж ойлгож болно. Ерөнхий үнийг бүлгээр нь тооцсон үзүүлэлтээс харахад, 2023 онд хүнсний үнийн индекс хамгийн өндөр буюу 11.9 хувьтай гарсан байна.
Хүнсний үнэ дотроо мах, махан бүтээгдэхүүний үнийн индекс хамгийн их хувиар буюу 16.2 хувиар өссөн бол талх, гурил, будааны үнийн өсөлт оны эцэст 14.7 хувьтай гарав. Тэгэхээр 2023 онд гадаад шалтгаантай инфляци буурсан ч дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сорилт хэвээр байжээ.
2023 ОНД СААРМАГЖСАН ҮНИЙН ӨСӨЛТ 2024 ОНД ХЭРХЭХ ВЭ
Монголбанкнаас инфляцийн өсөлттэй тэмцэн, найман хувьд барих зорилт тавьж ирсэн. 2024 онд уг зорилтоо хадгална. Төв банкны мөнгөний хатуу бодлого баримтлах болсон шалтгаан нь энэ бөгөөд цаашид тасралтгүй буурах хандлагатай болсон гэдгийг мэдээлж буй. Олон улсын байгууллагуудын зүгээс ч дэлхий даяар хүнсний инфляци буурах хандлагатай болсныг тэмдэглэж буй. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргадаг 2023 оны хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн ерөнхий индекс 10 хувиар буурсан дүнтэй гарчээ.
Үнийн өсөлт саармагжиж эхэлсэн нь улс орнуудын төв банкуудад бодлогын хүүгээ бууруулах боломж олгох магадлалтайг ч онцолсон байна.
Тэгвэл Монголбанк өнгөрсөн сард гаргасан инфляцийн тайландаа, 2024 онд эрэлтийн нөлөөгөөр үнийн өсөлтийн төсөөллөө бага зэрэг нэмэгдүүлж мэдээлсэн. Тайлангаас сийрүүлбэл, 2023 онд төгрөгийн ханш тогтворжин, тээврийн зардал буурч, гадаад үнийн дарамт багассан нь инфляц буурахад голлон нөлөөлөв. Гэвч ирэх онд төсвийн зардлын өсөлт, ялангуяа цалин, тэтгэвэр нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ гэж таамагласан. Мөн 2023 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээний үнэ сүүлийн 10 жилийн дунджаас хоёр дахин өндрөөр өссөн нь ирэх улирлуудад хүнсний бус инфляци өмнөх төсөөллөөс нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Улмаар инфляцийн буурах хурд удааширч, төв банкны зорилтот түвшинд хүрч тогтворжих хугацаа 2025 оны эхэн болж хойшилж байна гэж мэдэгдсэн. Монголбанк 2024 оны инфляцийг 8.7, 2025 онд 7.7 байна гэж тооцсон юм.