Дорноговь аймгийн төв Сайншанд хотод өнөөдөр гурван хулан орж иржээ. Энэ талаар тус аймгийн БОАЖГ-аас тодруулахад “Орж ирсэн гурван хуланг хоёр ачааны машин ашиглан аймгийн төвөөс баруун тийш хээр гаргасан” гэлээ.
Хулан бол эко системд асар их ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж ярьдаг байна. Хулангийн биеийн урт дунджаар 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл 49 см, жин 200 кг хүрдэг байна. Гэрийн адуутай харьцуулахад толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай байдаг аж.
Дэлхий дээр адууны овгийн найман зүйлийн амьтан байдгаас хоёр төрлийн хулан бий гэж үздэг бөгөөд Арабын хойгийн орнууд, Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк, Монгол зэрэг 12 оронд тархсан байдаг. Монгол улсын хувьд Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн урд хэсэгт хулан нутагшдаг аж.
Монгол улс хулан агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны хавсралтад бүртгэн улаан номд оруулж байжээ.