Амьдралын ямар ч үед найз нөхөд бидний хамгийн итгэлт дотны хүмүүсийн нэг байдаг. Сайн найзтай хүн сэтгэл гутралд өртөх магадлал бага, хүнд хэцүү үеийг хөнгөн давж чадах сэтгэлийн тэнхээтэй, эрүүл мэндийн хувьд ч цовоо сэргэлэн байдаг. Тэгвэл танд шинэ найз нөхөдтэй болох хэцүү санагддаг уу? Огт танихгүй хүнтэй сайн найзууд болж, дотно нөхөрлөлийг бүтээхэд дунджаар 200 цагийг хамт өнгөрөөж, нөхөрлөлдөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг судлаачид онцолж байна.
АНУ-ын насанд хүрэгчдэд явуулсан судалгаагаар залуусын 88 хувь нь амьдралынхаа явцад сайн найзтайгаа холбоо тасарсан бол, тэдний 71 хувь харилцаагаа сэргээхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.
Танихгүй хүнтэй харилцаагаа гүнзгийрүүлэн танилууд болоход дунджаар 40-60 цаг, давгүй найз болохын тулд 140-160 цаг, сайн найз болоход 200 цаг тус тус шаардлагатай аж. Ингэхдээ зүгээр л хамт байх бус чанартай цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй. Зурагт үзэх бус хоорондоо ярилцах, хамт сонирхолтой зүйл хийх, нэгэндээ сэтгэлээ уудлах, танин мэдэх зэрэг дотоод ертөнцөө хуваалцах цаг хугацааг чанартайд тооцох юм шүү.
Иймээс та ч бас хэн нэгэнтэй сайн найзууд болохыг хүсвэл харилцаандаа цаг хугацаа, зүрх сэтгэлээ зориулаарай.
Эх сурвалж: Wall Street Journal