Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулалтын болон техникийн олон алдаа доголдлын улмаас төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрчээ.
Санал хураалтыг Лхагва гарагт явуулах хуулийн товтой байсан ч санал хураах машинуудын 45 хувь нь эвдэрсэн тул зарим бүс нутагт Пүрэв гарагийн оройг хүртэл үргэлжилсэн байна.
Үүний улмаас нийслэл Киншаса хотын зарим тойргийн санал хураах байруудын гадна саналаа түрүүлж өгсөн иргэд сонгуулийн үр дүнг хонон өнжин хүлээжээ.
Тухайлбал машин эвдэрсний улмаас гурван цаг хүлээж байж саналаа өгсөн оюутан Аленде Лутуко Тичики сонгуулийн үр дүнг луйвардуулахгүйн тулд сайн дурын ажиглагч болсон байна.
“Сонгуулийн үр дүнтэй ямар ч эргэлзээгүй танилцах хэцүү. Конгод сонгууль яаж зохион байгуулагддагийг би мэднэ. Бидэнд олон асуудал бий. Гэвч хамгийн чухал нь сонгуулиа зөв шударга зохион байгуулах” гэж тэр ярьжээ. Үүнээс гадна тэр сонгуулийн дүн гарсны дараа үймээн самуун дэгдэхээс болгоомжилж байгаагаа ярьсан байна.
Лхагва гарагийн өглөө санал хураалтын машинууд ажиллахгүй байснаас гадна сонгуулийн байранд материалууд тараагдаагүй, иргэдийн бүртгэл дутуу байсан зэрэг зохион байгуулалтын олон алдаа гарсан байна.
Зохион байгуулалт муутай сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг сөрөг хүчний таван нэр дэвшигч шаарджээ.
Харин хамгийн олон саналтай тэргүүлж байгаа одоогийн ерөнхийлөгч Фэликс Цисекеди, түүний гол өрсөлдөгч Мойсе Катумби нар үүнийг дэмжихгүй байна.
Африк тивийн хамгийн өнөр өтгөн улсуудын нэг Конго 111 сая хүн амтай бөгөөд үүний 44 сая нь сонгуульд санал өгөх юм.
Эх сурвалж: The Guardian