БНСУ-аас автомашин нийлүүлэгчдийн холбооны тэргүүн А.Алтангэрэл өнөөдөр /2024.02.05/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нэг хоногийн дотор автомашины импортын татвар есөн сая төгрөг болж нэмэгдсэн. Би энэ асуудлаар дуугарч байгаа учраас сүүлийн хэд хоног дарамт шахалт их ирж байна. Гаалийн газраас бичиг баримтыг чинь шалгана гэсэн. БНСУ-аас автомашин худалдаж авсан үнээ нотолъё гэхээр гаалийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Илүү өндөр үнэ төлүүлэх гээд байна. Бид БНСУ-д хэрэглэхээ больсон автомашиныг худалдан авч, капитал засвар хийдэг. Татварын хувьд ч хямд байдаг юм. Бид бичлэг хийж, баримтжуулж үзүүлсэн. Гэвч нэг шинэ дарга гарч ирээд автомашины импортын гурван сая төгрөгийг есөн сая болголоо. Тэгээд интернэтээс судалгаа хийхэд ийм өндөр үнэтэй байна гэдэг тайлбарыг хэлж сууна. Бид хуулийн дагуу татвараа төлж ирсэн. Энэ өндөр татвар эргээд ард түмний нуруун дээр бууна.
Тодруулбал, өмнө нь гурван сая төгрөгийн үнэлгээгээр оруулж ирдэг байсан автомашины гаалийн үнийг ямар ч үндэслэл, тайлбар хэлэлгүйгээр гурав дахин нэмсэн.
Энэ асуудлаар сүүлийн 10 жил маргалдаж явсан ч бид эцэслэн ажлын шугамаа танилцуулчихсан байсан юм. Гэтэл нэг дарга ирээд ажил сайжруулах нэрээр ийм байдалд хүргэлээ. Нэг бодлын цахим төвтэй болсноор бичиг баримтыг цахимаар илгээдэг болж, авлига хээл хахууль нь багассан. Гэвч хүчээр өндөр үнээр татвар төлүүлж байгаа нь шударга бус. Замын-Үүдийн боомт дээр машинаа унаад оруулж ирдэг байсан бол шууд машинаар ачихдаа 350 ам.долларын төлбөр авдаг болсон” гэв.
Энэ асуудалд ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэн тайлбар өгөхдөө “Гаалийн бүрдүүлэлтийн цахим төв 2024 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Өмнө нь 2023 оны дөрөвдүгээр сараас туршилтаар ажилласан. Энэ төв хуучин хил дээр ажиллаж байсан гаалийн газар, хороодын бүрдүүлэлтийг нэг цэг дээр төвлөрүүлсэн. Ингэснээр, гадаадад худалдаа эрхлэгчид гаалийн үнэ үнэлгээ хийж байгаа байцаагч нартай нүүр тулсан харилцаа үүсгэхгүй, бараандаа дагалдаж ирсэн бичиг баримтыг үнэлсэн үнэлгээг хийж байгаа. Авлига хээл хахуулиас ангид ажиллах нөхцөл бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар цахим төв дээр өдөрт дунджаар 5000 орчим бараа, 1000 орчим гаалийн мэдүүлэгт бичиг баримтын шалгалт хийж ажиллаж байна. Өдөрт 2-4 гомдол маргаан гардаг. Энэ бол маш бага үзүүлэлт.
Бид цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна. Гадаад худалдаа эрхлэгчдийн мэдээллээр цаг хугацаа хэмнэсэн, бичиг баримт хөөцөлдөх гомдол багассан. БНСУ-аас автомашин нийлүүлэгчдийн холбооны зүгээс хоёр автобус, нэг эксковатор машин оруулж ирэхтэй холбоотой асуудал үүссэн.
Хамгийн эхлээд гаалийн улсын байцаагч бичиг баримтын шалгалт хийж, нягталдаг. Тэгээд энэ хүний мэдүүлсэн үнээр явах уу дараа дараагийн үнээр явж, татварыг нэмэгдүүлэх үү гэдэг асуудал гарна. Гаалийн улсын байцаагч шийдвэр гаргахад энэ хүний хэлцлийн үнээр явах боломжгүй, дагалдах бичиг баримт нь хоорондоо зөрсөн гэдэг мэдээллийг авсан. Тэр хүн энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Энэ тохиолдолд манай гомдол маргаан шийдвэрлэдэг нэгжид шалгуулж, өмнөх гаалийн улсын байцаагчийн мэдээллийг дахин баталсан. Энэ хүн дараагийн гомдлоо гаргахгүй, хэвлэл мэдээлэл хандсан” гэсэн юм.