УИХ-аас баталсан Монгол Улсын 2024 оны төсвийн хууль хэрэгжиж эхлээд тав дахь хоногтойгоо золгож байна. Хууль тогтоогчид улсын төсвийг батлахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 25 их наяд, 855.2 тэрбум төгрөг, нийт зарлагыг 27 их наяд, 360.5 тэрбум төгрөг байхаар тооцсон бол алдагдал 1 их наяд 505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэхээр заасан юм.
Сөрөг хүчний зүгээс төсвийн алдагдал өндөр байгааг анхааруулж буй. Зүй ёсны шаардлага. Гэхдээ 4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн ард гарч байсантай харьцуулахад хоёр дахин бага үзүүлэлт.
Гол нь УИХ-ын сонгуулиар мөнгө хэвлэж, цацчихгүй бол Сангийн яамныхны хоёр жил гүрийж хийсэн ажлын үр дүн гарна гэж ойлгож болно. Учир нь, УИХ-аар өмнө нь улсын нэгдсэн төсөв хэлэлцэх бүрийд гишүүд зураг төсөл, тооцоо судалгаа нь хийгдээгүй төсөл арга хэмжээг гэнэт оруулж ирж, батлуулан төсвийн хөрөнгөөр “тоглодог” байсан буруу аргыг халж чадсан. Тодруулж хэлбэл, Засгийн газар 2023, 2024 оны төсвийн төсөлд зураг төсөл, тооцоо судалгаа нь хийгдээгүй төслүүдийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглож чадсанаар нэн шаардлагатай төслүүд хэрэгжих бололцоо бүрдсэн юм.
Энэ хүрээнд Эс эд эрхтэн шилжүүлэх эмнэлгийг барихад шаардагдах эхний ээлжийн 40 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан бол боловсролын салбарт нэн хэрэгцээтэй байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байр барих болон өргөтгөхөд шаардлагатай 200 гаруй төсөл арга хэмжээний хөрөнгийг суулгаж өгсөн байдаг. Тус салбарт нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжинэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллээр энэ онд 157 сургууль, 103 цэцэрлэг, 33 дотуур байр ашиглалтад орно. Дээрх арга хэмжээний үр дүнд сургуулийн хүчин чадлыг 74,490 суудлаар, цэцэрлэгийн орыг 29,235-аар нэмэгдүүлж, дотуур байранд 5,680 ор нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улс гал алдаж болзошгүй эрсдэлтэй нөхцөлд байгааг харгалзан, эрчим хүчний салбарт 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж буй. Энэхүү хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр Дорнод аймагт БНХАУ-ын Экзим банкны зээлээр 50 МвТ-ын цахилгаан станцын өргөтгөл барих, арван аймагт Азийн хөгжлийн банкны зээлээр дулааны станц, цахилгаан дамжуулах шугам барина. Мөн энэ онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх болсноороо онцлогтой.
Нөгөө талдаа, хөдөөгийн хөгжлийг дэмжих хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах арга хэмжээг авсан.
Тодруулбал, орон нутагт төрийн албанд ажиллаж байгаа иргэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.
Хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Ипотект хамруулах байрных нь урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гарган, санхүүжүүлнэ.
Засгийн газраас өнгөрсөн 2023 оны долдугаар сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Энэ онд ч дээрх арга хэмжээ үргэлжилнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ шатлалыг нь бууруулж, хэт бага цалин авч буй нийтлэг үйлчилгээний албаныхны цалинг илүү нэмэгдүүлэхэд анхаарсан. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд дээрх арга хэмжээ үргэлжилнэ. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх бол төрийн нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ. Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар орон нутгийн нэмэгдэл олгох бол аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож, орон нутгийн нэмэгдэл олгоно.
Орон нутаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.
Өнгөрсөн оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. Ингэснээр нэгээс дээш жил ажиллавал 1 хувиар, хоёроос дээш жил ажиллавал 2 хувиар, 10-аас дээш жил ажиллавал 10 хувиар ажилласан жилийн нэмэгдэл үндсэн цалин дээрээ нэмж авдаг болсон. Тэгвэл Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж, Төрийн захиргааны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1.3 жилээр, тосгонд 1.6 жил ажилласантай тус, тус дүйцүүлэн тооцдог болсон юм.
Эдгээр нь Улаанбаатар хот дахь түгжрэлийг сааруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй бодлого юм.
Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авснаар төсөвт ирэх байсан өрийн дарамтыг бууруулж чадсан. Мөн дээрх арга хэмжээний дүнд гадаад валютын ханшийг тогтвортой барих боломж бүрдсэний зэрэгцээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хадгалж чадсан юм