Улсын Их Хурлын өчигдрийн нэгдсэн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Түүнээс гадна улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх зэрэг шаардлагаас үүдэн УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна гэх зэрэг үндэслэлийг илтгэлдээ онцлов.
Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг хэд хэдэн харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан байна.
Түүний дараа тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Батлут нар Үндсэн хуулиар иргэн төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ эдлэхдээ шууд сонгох тухай заасан. Тэгэхээр сонгуулийн холимог тогтолцоо иргэний энэхүү эрхтэй зөрчилдөх эсэх талаар асуув.
Хууль санаачлагчдыг төлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын сонгуулийг пропорциональ, мажоритар тогтолцооны алинаар нь явуулахад Үндсэн хууль зөрчихгүй гэсэн Цэцийн дүгнэлт гарсан.
Сонгогчид хүнээ нэрээр нь сонгох ёстой гэсэн шаардлага тавьдаг. Намын жагсаалтад орсон ч гэсэн нэр дэвшигч саналын хуудаст давхар бичигдэх учраас сонголт хийж болно, бас намыг ч сонгож болно.
Мөн намын мөрийн хөтөлбөр болон бусад байдлыг харж сонголтоо хийнэ гэвэл намд дангаар нь саналаа өгч болохоор хуулийн төсөлд тусгасан гэж хариуллаа.
Мөн гишүүд сонгуулийн зардал бууруулахад тодорхой заалтууд тусгасан эсэх, хэвлэл мэдээллийн зардлыг бууруулах зохицуулах боломж буй талаар, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад дунджаар 1000 гаруй нэр дэвшигч саналын хуудаст бичигдэхээр байгаа тул саналын хуудсыг унших техникийн хүчин чадал бий эсэх, санал хураалт хэдэн өдөр болохоор төсөлд тусгасныг лавлав.
Ажлын хэсгээс сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг барьж ажилласан. Тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн төрөл, хэмжээг 30-70 хувиар багасгана. Ингэхээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал нийт дүнгээр 50 хувь буурахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулж байлаа.
Мөн өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн намууд эвсэхгүйгээр бие дааж, мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор нэр дэвшүүлэн оролцоход саналын хуудас ямар хэмжээтэй болох талаар туршиж үзсэн. Санал тоолох төхөөрөмж хамгийн дээд тал нь 22 инч буюу 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших боломжтой. Өөрөөр хэлбэл, техникийн хувьд боломжтой. Үндсэн санал хураах нэг өдөр, 5 хоногийн өмнөөс урьдчилан санал авч болно.
Харин гадаадад буй сонгогчдын саналыг дөрөв хүртэлх өдөр авахаар төсөлд туссан гэв. Түүнчлэн цахим орчны сурталчилгааны зардлыг хэрхэн хянах, ухуулагчийн тоо хэд байх, тэдний цалин хөлсийг хэрхэн тооцохоор хуулийн төсөлд туссан талаар гишүүд асууж байв. Хуулийн төсөлд, сайн дурын үндсэн дээр ухуулагч ажиллана. Гэхдээ ухуулагчийн зардал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байхаар заасан.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар 200 сонгогч тутам нэг ухуулагч байсан бол нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутам нэг, бусад газарт 200 сонгогч тутамд нэг ухуулагч байхаар туссан зэргээр СЕХ-ны Ажлын хэсгээс хариулж байв.
Харин Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах нийт сурталчилгааны зардлын 10 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалт хийж байна. Энэ заалтын хэрэгжилттэй холбоотой нам, эвсэл нэр дэвшигч цахим хуудсаа бүртгүүлж, сурталчилгаагаа байршуулах эрхтэй. Гагцхүү олон нийтэд хүргэх зорилгоор бүүст хийхдээ дотоодын карт ашигладаг. Энэ зардлыг хянах боломжтой гэсэн.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, ухуулагчдын тоог заавал заах хэрэг байгаа эсэх болон гадаадад буй иргэд саналаа хэрхэн өгөх вэ гэж асуусан бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын 38 гишүүнийг сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгох гэдэг заалт тодорхой бус байна. Энэхүү заалтыг тодруулж өгөхийг хүслээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариултдаа, нэгдүгээрт, тойрогт нэр дэвшиж буй хүнээ сонгоно. Хоёрдугаарт, намын мөрийн хөтөлбөр зэргээ хараад намыг сонгож болно. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголтыг хийхээр төсөлд туссан гэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, хүн амын тоонд тохируулан ухуулагчийн тоог зааж өгөх ёстой гэж үзсэн. Хэрэв ухуулагчийн тоог хуульчлахгүй бол замбараагүй байдал үүсэх магадлалтай гэв.
Гадаадад ажиллаж, амьдарч буй сонгогч зөвхөн пропорцианаль тогтолцоогоор нэр дэвшиж буй намыг сонгоно. Мөн эх орондоо санал өгч буй сонгогч өөрийн харьялагдаж буй тойргоосоо өөр газар явж байгаа тохиолдолд пропорцианаль тогтолцоо буюу намыг сонгох эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахыг зорьсон гэж хариуллаа.
Дараа нь УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжих эсэх талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Ц.Сэргэлэн нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Н. Ганибал, Б.Пүрэвдорж дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн.
Ингээд уг хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрээр уг хуулийн төслийнхөө ерөнхий агуулга, ач холбогдлыг тоймлон илэрхийллээ. Тухайлбал, хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүлж, сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулснаас гадна жендэрийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүлсэн гэх зэргээр танилцуулав.
Мөн ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтад нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өгсөн. Түүнээс олон намууд парламентын босго алхах боломжийг хэрхэн бүрдүүлсэн, сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын тогтолцоог сайжруулах талаар хуулийн төсөлд тусгасан талаар танилцууллаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсан.
Тэрээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төсөлд тусгасан тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох зохицуулалт хэр оновчтой талаар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойргоос сонгогдох гишүүдийн тоо намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тооноос өндөр байгаа үндэслэлийн талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нийт сонгогчийн 28 хувиас доош хувийн санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах босго, тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлж, суудал авсан байх хуулийн шаардлагын талаар, төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан “Бүх шатны сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахдаа оюутан, сурагчдад тэтгэлэг, тусламж өгөх, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, нийгмийн халамж хамгааллийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглох” зохицуулалт нь УИХ-ын улсын төсвийг хэлэлцэн батлах онцгой бүрэн эрхэд халдаж буй эсэх талаар асуулт асууж, хариулт авсан талаар илтгэж, уг хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.1 хувь нь дэмжсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ж.Батжаргал нар хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авлаа.
Түүний дараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуваалцах: