Монголын улс төр их шуурганы өмнөх нам гүм байдалд шилжээ. Улс төрийн намуудын тоглоомын гол дүрэм тодорхой биш, хуульд зааснаар сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газарт, сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 28-ны дотор СЕХ-нд хүргүүлсэн байх ёстой. Хуулийн хугацаандаа багтаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэхээр парламентад суудалтай намуудын төлөөлийн төв байгууллагынхаа хурлын товоо тогтоожээ.
Монголд албан ёсны бүртгэлтэй 37 улс төрийн нам байна. Тэднээс засгийн эрхийг үнэмлэхүй барьж буй МАН, парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй АН, мөн 2020 оны сонгуулиар ганц суудал авч, УИХ-д суудалтай намд тооцогдох болсон ХҮН, улс төрийн эсвэл байгуулж, сонгуульд өрсөлдөхөөр бие халаалтаа хэдийнэ эхлүүлсэн Н.Номтойбаярын “Үндэсний эвлэл”-ээс гадна жижиг намуудыг нэгдэхийг уриалж буй Иргэний зориг ногоон нам энэ удаагийн сонгуульд оролцохоо зарласан.
Зөвхөн улаан, цэнхэр, ягаан далбаагаараа ялгаатай, амлалт мөрийн хөтөлбөр нь бараг адилхан шахуу эдгээр намуудаас сонгуульд өрсөлдөж, амжилт гаргах амбицтай нам харин гарын таван хуруунд багтана. Бусад нь засгийн эрх булаацалдахаас илүүтэй улс төрийн гол намууд, том тоглогчдын хөзөрт татагдах оролцох нь сонгуулийн олон жилийн тойм зураглалаас харагдана.
Одоогоор МАН-тай “барилдаад давна” гэсэн илэрхий найдвар аль, аль намд алга. Найман жил эрх мэдлийн тойргийн гадаа үлдсэн АН-ын туйлын зорилго нь парламентад олонх болох боловчиг энэ хэмжээний санал зулгааж чадна гэсэн итгэл үнэмшил иргэдэд байтугай өөрсдөд нь ч бага байна. Гэхдээ Ардчилсан нам засагт хамтарч байж Монголын ардчилал баталгаажих нь хамгийн бодит дүгнэлт.
Жилийн өмнө зүүн төвийн үзлээ баруун төвийн нам болон өөрчилсөн хэдий ч ХҮН нам АН-ын алдсан “боломжууд”-ыг ашиглаж, ардчиллыг дэмждэг 40 хувийн орон зайн дээр таанц эргэх сонирхол бол бий. Гэлээ гээд өөрсдийгөө бүгдээс илүү “боловсролтой”, нийгмийн “элит” хэсэг гэж тодорхойлдог тус намыг нийт масс хүлээж авах нь эргэлзээтэй, ганц кнопныхоо тоог нэмж, УИХ-д бүлэгтэй болж чадвал их юм. Өнгөрсөн найман жил ХҮН парламентад суудалтай нам гэж танигдахаас илүү Т.Доржханд гэх хувь улстөрчийн пиар дээр голчилсон МАН-ын “утсан хүүхэлдэй” гэх ойлголт олон нийтэд төрүүлсэн үү, төрүүлсэн.
Тэгвэл сүүлийн хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН гадаад дайснуудаа “бүрэн дарж авснаар” дотоодын дайснаа тодруулж, цагаан байранд дахь цагаан захтнууд хоорондоо хонь, чоно болтлоо тэмцэлдэхийн хэрээр зуун жилийн түүхтэй институциэ шатааж мэдэх нөхцөл байдалд орсон. МАН-ын зөрчил тэмцэл цагаан байрны зовлонгоос Монгол төрийн зовлон болж хувирсан нь гашуун үнэн агаад үүнээс гарахын тулд парламентын гишүүдийн тоог 126, сонгуулийн тогтолцоог пропорциональ болгож өөрчилсний зорилго нь хамтарсан засаг байгуулах юм. Хамтарсан засаг байгуулах нь хариуцлагаа хамтдаа хүлээх тухай ойлголт. Ялахаас засаглах нь хэцүү болохыг найман жилийн хугацаанд МАН яс махаараа мэдэрсэндээ л ял, зэм дангаараа үүрэхгүй гэж ямбаа хуваалцахаар шийдсэн нь энэ юм. Мөн алаагүй баавгайн арсыг хувааж идэх асуудал аль хэзээний ханцуй доторх наймаа, яриа хөөрөө болоод явж байгаа нь баараггүй үнэн.
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Парламентын 126-гийн нэг болохыг горилогчид улс төрийн зах зээл дээр хэдэн зуугаараа тоологдож байна. Зохион байгуулалттай зорилготойгоор өөрийгөө хэвлэлээр сэвүүлэх нэгэн байхад, хэзээ, язааны дараагийн парламентын гишүүн болчихлоо гэж өөртөө “баяр хүргэх” улстөрчид бас цөөнгүй. Атал мандатын тоо ердөө 126. Нэг нам, эвслээс 126 хүн нэр дэвших ч, тэд бүгд УИХ-ын гишүүн болчихгүй. Өмнөх найман удаагийн сонгуулийн жишгээс харахад хамгийн олондоо 600 гаруй хүн нэр дэвшиж байсан бол энэ удаад түүнээс олон хүн өрсөлдөнө. Тэднээс зөвхөн 126 нь Төрийн ордонд орох визээ сонгогчдоос авна.
Үндсэн хуульд зааснаар 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн болгонд сонгох, сонгогдох эрх нээлттэй. Иймээс аль нэг намаас виз авч чадахгүй бол бие даах горилогч олон гарна.Учир нь ардчилсан Үндсэн хуульд заасан эрхээ эдлэж, “ Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар, иргэн Осоржамаа нар нэр дэвших нь нээлттэй. Энэ мэт дур нь эзнээ голоогүй нөхдүүд жинхэнэ дунд чөмгөөрөө жиргэх нь тодорхой. Гагцхүү тэднийг төрд төлөөллөө болгох үгүйг сонгогч бид шийднэ. Гэвчиг яг сонгогчийн саналаар сонгуулийн дүн гардаг гэвэл өрөөсгөл. Олзуурхууштай нь, жижиг мажоритори тогтолцоонд сонгогчдын санал ихээр гээгддэг бол сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөр энэ эрсдэл хумигдаж байгаа юм.
Брэндийн хослол өмсч, биеэ бэлтгэж буй горилогчдын зарим нь жинхэнээсээ “барилдах” хүсэлтэй байхад зарим нь даваа болгоноо мөнгөжүүлэх эдийн засгийн сонирхолтой яваа нь үнэн. Энэ чинь өөрөө ардчилсан чөлөөт сонгууль, зөв буруу, муу сайнтай нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй үйл явц. Тэр тусмаа хоёр том намын хувьд барилдааны ам авах дээр наймаа, тохироо яригдах нь гарцаагүй. Бөхчүүд цол, амжилтын эрэмбээрээ ам авдаг бол улс төрд үгүй. Хэнтэй, хэнийг тааруулж, хэнд хэнийг хаяж өгөхөө нам, намын бүлэглэлүүд ярилцаж тохирдог.
Монгол хэдий улс төрийн олон намтай, түүнээс гурав нь парламентын суудалтай боловч олон намын оролцоотой гэхэд хэцүү. Нэг намын үнэмлэхүй эрх мэдэл найман жил ноёрхсон нь ардчиллын индекс 20 байраар ухрах нэг үзүүлэлт болсон.
Энэ удаагийн сонгууль 13 том бүсэд явагдах тул жижиг намууд дангаараа бие дааж өрсөлдөхөд хөрөнгө, хүний нөөцийн асуудал, бэрхшээл тулгарна. Хамтдаа эвсэл болъё гэвэл Улс төрийн шинэчилсэн хуульд зааснаар /хоёр нам бүхий эвсэл байвал/ таван хувийн санал авч байж парламентад кноптой болно. Гурваас дээш нам нийт саналын долоо буюу түүнээс дээш санал авсан байх шаардлагатай.
Нэг талаас энэ нь эвсэл болж орчхоод эцэст нь эсвлээ задлах хэмжээнд улс төрийг бужигнуулахаас сэргийлсэн бодлого биз. 2012-2016 оны үед АН нийтдээ 35 суудал авч засгийн эрх барихдаа “Шударга ёс” эвсэлтэй гар барьсан ч, Л.Цог, Г.Уянга нар эвслээ задлаж бүлгээс гарч байсан удааьай. Үүнээс гадна 2026-2020 оны парламентад Лу.Болд, Ж.Батзандан нар МАН-д урваж АН-ыг зөвхөн УИХ дахь зөвлөлийн хэмжээнд аваачиж байсан түүхтэй юм.
Улс төрийн намуудын рейтинг хэн нь хэнээсээ илүүрхэх юмгүй байна. Өмнө нь МАН-ыг унахаар АН-ын рейтинг өсдөг байсан ч өдгөө МАН-ын рейтинг унахаар АН-ынх хамтдаа татагдаад доошилж байна. Унах шалтгааныг АН өөрөө гаргаж байна, унагаах шалтагийг МАН олж чадаж байна. Тиймээс АН олон суудал авъя гэвэл хөх тугаар имижээ хийх биш үнэт зүйл үзэл баримтлалдаа МАН-аас ялгарах эрс шинэчлэлт, зарчмын өөрчлөлт хийх цаг болсон. ХҮН гуравдагч намуудын орон зайнд оршьё гэвэл МАН-ын буфер нам болж ирсэн намтараа ядаж солих ёстой. Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн хувьд нэг хоёр суудал авбал их юм. Гэхдээ МАН-ын гол өрсөлдөгч өнөөдрийн хувьд АН биш “Үндэсний эвсэл” болсон нь хоёр намын тохирхоог эвдэх эрсдэл гэж харж буйтай холбоотой ч биз.
Магадгүй АН, МАН-аас гомдогсод, жийрхэгсэдийн мөрөөдөл бүтэлгүйтвэл улс төрийн нөөц буудал болж хувирах нь гарцаагүй.
Тэгэхээр зүй ёсны нэг асуулт улс төрийн намуудын, улстөрчдийн өмнө тавигдана. Намуудын ялалтад юу нөлөөлөх вэ?. Энэ бол зарчмын бөгөөд цаашдаа Монголд хуулийн засаглал бэхжих үү, хувь хүний засаглал бий болох уу гэдгийг шийдэх гол асуулт юм. Мөн ҮХНӨ-өөр хийсэн хувьсал бий болгох эсвэл хувьсгал гарах үгүй нь хамаарна. Нэр дэвшигчдийн шалгуур өндөр, нийгмийн хүлээлт дагуулсан хүн мөн үү гэдгийг сонгогчид харна, зурна. Нэг үеэ бодвол Зукербэргийн ачаар сонгогчид мэдээллийг уулын мухар, усны захаас ч авдаг болсон сайн талтай. Мод, могой шейрлэж, нар саранд хэтэвчээ далладаг сонгогчдын тоо буурч, ямар хүнийг дугуйлах вэ гэх ойр зуурын мэдээлэл, мэдлэгтэй болж эхэлсэн бас нэг сайн үзүүлэлт юм. Мэдээж, өрсөлдөгчийнхөө цус нөжийг “шинжилж”, монголчуудын Хятадын эсрэг айдас дээр нь тоглолт хийх улстөрч цөөнгүй гэрнэ. Гэхдээ тэднийгээ нэг муухан таньдаг, гадарладаг болсны зэрэгцээ сонгогчдын хувьд парламентад ядаж авлига, хулгайгаас ангид хүн сонгох, сонгогдох ёстой гэсэн зарчмын нэг ойлголттой болсон нь Л.Оюун-Эрдэнийн авлигатай хийх тэмцлээс үлдээсэн нэг ололт юм.
Одоогоор МАН авлига, хулгайд нэр холбогдсон улстөрчийг нэр дэвшүүлэхгүй гэж зарласан нь сайн, муутай талтай акц. Сайн нь хуулийн ард дархлагдсан хулгайч нартайгаа намууд нэр дэвшилтээс нь эхлээд тэмцэх ёстой гэсэн сануулга болж байна. Авлигач, хулгайч нараа нэр дэвшүүлсэн нам ямартай ч олонхын санал авахгүй байх том эрсдэлтэй. Муу нь даргын талын хулгайч сайн, дайсны талын хулгайч муу гэсэн улс төрийн хэлмэгдүүлэлт энэ “акц”-ын явагдаж болзошгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн хууль МАН -ын дүрмээр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шийтгүүлсэн этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг ойлгомжтой заалт байгаа.
МАН аливаа шатны сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ эхний шалгуур нь тухайн тойргийн дэмжлэг авах, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавьж ажиллаж байгаа. Хоёрдугаарт, салбар сегментийн төлөөллийг жагсаалтаар болон тойрогт нэр дэвшүүлэх байдлаар төлөөллийг бүрэн хангадаг болъё гэдэг зорилго агуулж байгаа” гэж тоглоомын дүрмээ товч зарлачихсан нь АН, ХҮН намын арга тактикийн тандсан үг-үйлдэл байж таарна. АН, ХҮН намууд нэр дэвшигч нартаа ямар шалгуур тавьж буй нь тодорхойгүй байдал, энэ ч иргэдэд эргэлзээ төрүүлэх шалтаг болж байна.
Мэдээж, барилдаан болгон шударга болдоггүй. Наадам болгонд найрааны начин, заанууд төрдөг. Гэхдээ бөх бол төр биш. Б.Бат-Эрдэнэ Монголын бөхөд 10 дараалан аваргалсан байж болно. УИХ-д тав дараалан ялалт байгуулах юм бол Монголын парламентаас юу ч хүлээх хэрэггүй гэсэн үг.