Төрийн ордонд нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг тав дахь өдрөө /2023.12.22/ үргэлжилж байна.
Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:
-Төрийн болон орон нутгийн өмчит зарим компаниуд нүүрс тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн сонсголын үйл ажиллагааг нээж байна. Өнөөдрийн сонсголоор дараах хоёр нотлох баримтын хүрээнд нотлох баримтыг шинжлэн судална.
“Эрдэнэс тавантолгой” ХК Тавантолгой ордын уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороотой холбоотой асуудал, үүнтэй холбоотойгоор “Монголиан Контакт Майнинг сервис” ХХК, “Таван хур” ХХК, “Спейшл майнинг” ХХК, “Адмирал” ХХК гэрчээр оролцоно.
Мөн хагас коксжсон нүүрсний асуудал хамт яригдана. Хоёрдугаарт, “Эрдэнэс тавантолгой” ХХК-д хийсэн хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээтэй холбоотой асуудлаар дараах хоёр сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална. Үүнд, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар болон байгууллагын хяналт шалгалт Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын газрын шалгалт гэсэн сэдвээр яригдана.