Нарыг судлах зорилгоор дөрвөн сарын өмнө хөөргөсөн Энэтхэгийн сансрын хөлөг нарны тойрог замд хүрсэн нь тус улсын сансар судлалын салбарт гаргасан ээлжит том амжилт болж байна.
Энэтхэгийн Сансар Судлалын Байгууллага өнгөрсөн оны есдүгээр сард нарны атмосферийн гадаад давхаргыг ажиглах, хэмжих зориулалттай тоног төхөөрөмжүүд бүхий Aditya-L1 судалгааны хөлгийг хөөргөж байв.
“Энэтхэг улс бас нэг түүхэн амжилт гаргалаа. Энэ бол сансар судлалын хамгийн нарийн төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэхэд чиглэсэн манай эрдэмтдийн тууштай зүтгэлийн үр дүн юм” гэж тус улсын ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн Бямба гарагт сошиал хуудсандаа бичжээ.
Судалгааны хөлөг нь нар ба дэлхийн нууцлаг хэлхээ холбоог тайлах эцсийн байрлалдаа хүрснийг Энэтхэгийн шинжлэх ухаан, технологийн сайд Житендра Сингх бас сошиал хуудсаараа мэдээлсэн байна.
Уг байрлал нь Lagrange Point 1 гэгддэг хоёр том сансрын биетийн татах хүчний харьцаа тэнцэх цэг юм.
Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Aditya-L1 хөлөг 1.5 сая километр зам туулж, дээрх байрлалд хүрсэн байна. Энэ нь нар ба дэлхийн хоорондын 150 сая километр зайтай харьцуулахад өчүүхэн бага зам юм.
Aditya нь хинди хэлний нар гэсэн утгатай үг. Өнгөрсөн онд Энэтхэг улс сарны өмнөд туйлд станцаа буулгасан дэлхийн анхны улс болсон юм.
Өнгөрсөн хугацаанд АНУ болон Европын Холбоо нарыг судлах хэд хэдэн станц хөөргөөд байгаа. Хамгийн анх 1960-аад оны үед
Pioneer нэртэй хөтөлбөрөө NASA эхэлж байжээ.
Бас Япон, Хятад улсууд нарыг ажиглах судалгааны станцуудаа дэлхийн тойрог замд байрлуулж байв.
Гэхдээ Энэтхэг улс нарны тойрог замд станцаа байрлуулсан Азийн анхны улс болж байна.
Эх сурвалж: Aljazeera