Их Британи болон Нидерланд эрдэмтэд томоохон хэмжээний судалгаа явуулж эрт зөнөхөд хүргэж болох 15 эрсдэлт хүчин зүйл илрүүлсэн байна. Жил бүр 65-аас доош насны 4 сая гаруй хүнд зөнөгрөлийн шинж тэмдэг илэрдэг. Харин 370 мянга гаруй хүн шинээр оношлогддог байна.
Өмнө нь хийгдсэн судалгаанууд өндөр настай хүмүүст зөнөх эрсдэлийг буруулж болно гэдгийг харуулж байсан юм. Харин зөнөх шинж тэмдэг эрт илрэхэд хүргэх эрсдэлийг бууруулж болно гэдгийг харуулсан анхны эрдэм шинжилгээний ажил нь энэ гэж тус судалгааг явуулсан эрдэмтэд хэлжээ.
Судлаачид Их Британийн “Biobank” судалгаанд хамрагдсан 65-аас доош насны 350 мянган хүнийг эрдэм шинжилгээний ажилдаа хамруулсан байна. Тэдний олсон 15 хүчин зүйл дунд нийгмийн статус, санхүүгийн бололцоо доогуур байх, Д витамины дутагдал, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, ганцаардал, сэтгэл гутрал гэх мэт зүйлс багтсан аж.
Маастрихын их сургуулийн мэдрэлийн эпидемиологийн профессор, судалгааг ахалж бичсэн эрдэмтдийн нэг болох Себастиан Кёлер “Зөнөх өвчин туссан өндөр настай хүмүүс дээр явуулсан судалгаагаар өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлс байдаг гэдгийг илрүүлсэн” гэж хэлжээ.
Тэрбээр “Бие махбодын хүчин зүйлсээс гадна сэтгэцийн эрүүл мэнд маш чухал. Үүнд архаг стресс, ганцаардал болох сэтгэл гутрал их нөлөө үзүүлдэг. Эдгээр хүчин зүйлс нь зөнөх шинж тэмдэг эрт илрэхэд хүртэл нөлөөлдөг гэдгийг хараад гайхсан. Ийм учраас эрсдэлийг бууруулах боломжтой байж магадгүй” хэмээсэн юм.
Эх сурвалж: The Guardian