Сар шинийн баярын өдрүүд албан ёсоор өндөрлөж, хотол олон, айлчин гийчнээрээ ажил, албандаа мордлоо. Энэ жилийн тухайд баярын өдрүүдээр гэмт хэргийн гаралт, түргэн тусламжийн дуудлага ердийн үеийнхтэй харьцуулахад ялгаа гараагүй гэдгийг албаныхан хэлж байв.
Жилийн жилд баярын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ходоод, гэдэсний түгжрэл болсон гэх дуудлага, мэдээ түгээмэл гарч, анхаарал, сэрэмжлүүлэгийг иргэдэд хүргэдэг байсан. Гэтэл энэ жил чих амар, мөр тэнэгэр шинэлэх шиг.
Цагдаагийн хурандаа Н.Амарсанаагийн хэлснээр 6100 орчим алба хаагчид баярын өдрүүдээр ажиллаж, гурван өдрийн дотор 299 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэгджээ. Орон нутагт 21 аймгийн хэмжээнд л гэхэд ердөө арван хүн эрүүлжүүлэгдсэн гэнэ. Энэ тоо нь өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй бага тоо аж. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундааг хууль бусаар худалдаалах зөрчлүүд ихээхэн байжээ. Тодруулбал, энэ төрлийн архи худалдаалах зорилготой нийт 96 фэйсбүүк хаяг, 74 группыг олж, 250 орчим зөрчлийг илрүүлжээ. Үр дүнд нь 5500 орчим шил архийг хураан авав.
Ер нь баяраар идээ будаагаа өргөн дэлгэр, өнгөлөг засч, ирсэн зочиддоо шинэ зүйл амсуулах гэдэг нь монголчуудын зан. Аль болох харагдаж үзэгдээгүй эсвэл үнэтэй архиар ширээгээ засах хүсэл нь эцэстээ архины хордлого, сөрөг үр дагавар авчрахыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед Хятадаас ялангуяа Эрээнээр гарал үүсэл нь тодорхойгүй, Америк, барууны архи, виски, виноны дуураймал бүтээгдэхүүнүүд орж ирэх болсон. Одоогоор ноцтой хохирол учирч, хүн амьтан эрсдээгүй ч хуурамч архи ямар хор хөнөөлтэйг монголчууд хангалттай харсан, үзсэн.
Нэг үе цагаан сараар л хамар хашаа, гудамжны үзүүрт согтуу хүмүүс газарт уначихсан, бэлгээ тэвэрчихсэн сууж байдаг дүр зураг элбэг тохиолддог байлаа. Зарим нь ч хөлөө олохгүй байж, хүүхдээ хөтөлчихсөн “Энэ хоёр яаж харина” гэмээр харагддаг байсан цаг бий. Тэгвэл энэ жил согтуу, “тасарчихсан” хүмүүсийн дуудлага түргэн тусламжийн төвд бага иржээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төвд ч баярын өдрүүдээр ердийн өдрийнх шиг ажилласан гэв. Тус төвийн тусгай дугаарын утсанд гурван өдрийн хугацаанд 3646 дуудлага иржээ. Өдөрт л 1.1-1.2 мянган дуудлага ирсэн бөгөөд хэвийн үетэй ижил байв. Ирсэн дуудлагын 30-40 хувь нь даралт, зүрх судасны өвчлөлтэй холбоотой байснаас гадна хүүхдийн дуудлагын дийлэнх хувь нь ханиад зонхилжээ.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат ярихдаа “Баярын өдрүүдээр ачаалал ихэссэн зүйлгүй. Ердийн өдөр л шиг ажилласан. Согтуу хүмүүсийн дуудлага өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад харьцангуй багассан. Эндээс харахад архи, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг иргэд дэмждэг болжээ” гэв.
Амралтын өдөр багадсан, ихэдсэн талаар хэлэлцэж байх хойгуур хуурамч архины худалдаа цэцэглэж, аюулын харанга дэлджээ. Гэхдээ монголчууд баярлах эрдэмд суралцаж, архиа дарсаа зөв зохистой хэрэглэсэн болохыг албаны хүмүүсийн яриа тодорхой харуулж байна.