Төрийн өмчит сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандартад нийцсэн боловсон ариун цэврийн байгууламж болгох тухай УИХ-ын тогтоол дөрвөн жилийн өмнө гарсан бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Гэвч 2020 оноос эхэлсэн энэ ажил өнөөдрийн байдлаар ердөө 36 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Тодруулбал улсын хэмжээнд 233 цэцэрлэг, 337 сургууль, 250 дотуур байрны нийт 820 нүхэн жорлонг солих ёстойгоос одоогоор 302 нь л шинэчлэгджээ.
Энэ ажлыг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн 2020 оноос эхлүүлсэн ч ажлын гүйцэтгэл талдаа ч ороогүй байгаагийн шалтгааныг салбарын сайд нь зураг төсөл нь дуусаагүй байхад төслийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарлав.
Тодруулбал БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Сургуулиудын удирдлагын сэтгэлгүй байдлаас болж ариун цэврийн байгууламж барих байршил их өөрчлөгдөж байна. Нөгөө талаас ариун цэврийн байгууламж барих боломжгүй акталсан байр өгч байгаа тул зарим сургуулийн спорт заал, дотуур байр, сургууль дээр нь өргөтгөл хийж ариун цэврийн байгууламж барьж байна.
Нэг, хоёрдугаар шатанд гарсан алдаа дутагдлаа засаж нэмэлт санхүүжилтээр нөхөж зураг төсөл хийсэн. Гурав, дөрөвдүгээр шатны ажилдаа зураг төсөлтэй тендер зарлаж байгаа тул тендер дээр эрсдэл гарахгүй гэж бодож байна. Төслийг амжилттай хэрэгжиж дуустал хариуцлагыг салбарын сайдын хувьд бүрэн хариуцна.
Энэ оны хаврын улиралд багтаан үлдсэн 500 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламж болгож төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгана” хэмээсэн юм.