Сэлбэ голд үүссэн халиа тошинтой холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүргийн 14 байршилд халиа тошин үүсээд байгаа аж.
Хүйтрээд дулаарсны дараа жил болгон халиа үүсдэг бөгөөд энэ жил Сэлбэ гол үертэй байсан учраас усны түвшин нь 2-3 дахин нэмэгдсэн. Иймд Сэлбэ голын тохижилттой хэсэгт энэ жил усны түвшин нь их байгаатай холбоотой илүү эрт халиа үүсээд байна гэж албаныхан үзэж байгаа аж.
Түүнчлэн усанд автаад буй тохижилтын тухайд энэ тохижилт нь голын сав газарт хийсэн буюу стандартын бус тохижилт гэв.
Геодези, усны барилга, байгууламжийн газар 14 хоногийн өмнөөс эхлэн халиа тошин дээр ажиллаж байгаа юм байна. СБД-ийн 7, 23, 20-р хороо, СХД-ийн 26, 40, 41-р хороодын нөхцөл байдал хүндэрсэн. Айл өрхүүд усанд автсан нөхцөл байдалтай байгаа аж.
Энэ талаар Геодиз, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа “Жил болгон эдгээр хороодод халиа тошинд байнга өртдөг айлууд байдаг. Айлуудад нүүлгэн шилжүүлэх санамжийг өгч Газрын албанаас удаа дараа газар зааж өгдөг ч нүүдэггүй. Гэр рүү нь ус орж байгаатай эвлэрсэн байдалтай байдаг.
Энэ бол байгалийн асуудал. Хөрсний ус гарч ирж байгаа. Хөлдөхгүй гэсэн үг. Бид 24 цаг үзлэг, шалгалт хийж ажиллаж байна” гэв.