Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Онцгой байдлын алба хаагчдын хувцас, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид гар татаж болохгүй.
Аюул, осол гэмтэл бидний тооцож, харж, төсөөлж байснаас хэдэн арав дахин, заримдаа хэдэн зуу дахин нэмэгдэж байна. Хор хохирол нь ч улам өсөж байна.
Бидэнд тогтмол зайлшгүй гарах ёстой зардал гэж бий. Ялангуяа онцгой, эмнэлэг, цагдаа, батлан хамгаалах салбарын зардлыг хэмнэхээс илүү нэмэгдүүлэх ёстой. Үүнд хэзээ ч гар татаж болохгүй.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
Сэтгүүлч: Газ дэлбэрээд осол болсны дараа асуудлыг хөндөж байна. Эх нялхас, Үндэсний телевиз, орон сууц, сургууль, цэцэрлэгийн дэргэд баригдсан бензин колонкуудыг хэрхэн цэгцлэх вэ. Цаашдаа тэсрэх бөмбөг шиг байгаа эдгээр шатахуун түгээх станцуудыг яах ёстой юм бэ?
Шадар сайд С.Амарсайхан: Улсын Онцгой Комисс, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тэсэрч дэлбэрэх бодис агуулж буй ААН-үүд, үйлчилгээ үзүүлдэг газрууд, тэр дундаа бензин тос шатахуун, хийн газ, пропан зэрэг ил далд бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьцгаая.
Шалгалтаа хийж, мэргэжлийн хүмүүсээ оролцуулъя. Манай улсад эрсдэлгүй салбар байхгүй байна. Тийм учраас стандарт гэж ярьж, зөвлөж байгаа. Зөвхөн нэг хүн яриад шахаад болдог зүйл биш учраас бүх хүн явсан суусан газраа шаардаж, цэгцэлье.
Улам чамбай хандахгүй бол өнөөдрөөр бүх юм дуусахгүй. Дахиад хаана, юу ч гарахад бэлэн байна.
Сэтгүүлч: Орон сууцны нэг давхрын газ хэрэглэж буй хоол үйлчилгээний газруудыг цэгцлэх, тодорхой стандарт гарсан уу?
Шадар сайд С.Амарсайхан: Энэ асуудалд холбогдох ажлын хэсэг хяналт тавьж, салбар яамд анхаарах ёстой.
Стандартыг салбар яамд боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газраар батлуулдаг. Ингэхдээ техникийн зөвлөлөөр оруулж, бүх салбарын мэргэжилтнүүдийг оролцуулдаг. Нарийн тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн хүмүүс ажиллаж, батлуулдаг.
Стандартын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт өргөн бариад байна.
Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах, аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллана.