Хилийн боомтууд нээлттэй болсноос хойш иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их гаргаж байгаа ажээ. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол, Хятадын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа хэмээн Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.
Энэ ажлын хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан байна. Журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирох ажээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахыг хичээж буйг албаныхан дуулгасан юм.
Энэ төсөл ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэх юм байна.
Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг нээж, байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймагтай иргэд ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэнэ гэж мэдэгдэв.