Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлэхээр В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж буй.
Сургалтад нийт 1,807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэж, нийтийн тээврийн үйлчилгээнд жолоочоор ажиллаж эхэлжээ.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямдорж “Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг хэлж, мэдээлэл өгч байгаа.
D ангилалтай, дадлага туршлагатай олон иргэн манай байгууллагад хандаж, ажиллах хүсэлтээ өгч байна.
Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн найман цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм.
Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг” хэмээлээ.
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ оныг дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн нийт иргэдийг бүрэн хамруулах аж.
Нийтийн тээврийн автобусны жолоочийн цалин сард 1.5-2.5 сая байсныг 3-3.5 сая төгрөг болгожээ.