Таван хэл мэддэг, ухаалаг, сонирхолтой нэгэн залуу бөх мэргэжлийн сүмод сэкитори болохоор зүтгэж байна. Монголын уугуул, Хаккакү дэвжээний 23 настай Хокүтомарү шинэ банцүкэд макүшитагийн 9-д жагссан байгаа.
Хэдий 130-хан кг жинтэй ч Хаккакү ояката шавийнхаа талаар “Одоо л нэг юм жин нэмээд урагш түлхэн дайрах бяр суугаад байгаа юм. Тавдугаар сарын тэмцээнээс өмнө жюүрёод дэвшинэ гэж найдаж байна” хэмээн монгол шавьдаа их итгэл хүлээлгэж байгаагаа хэлж байлаа.
Хокүтомарү буюу Н.Чинзоригийн ээж нь испани, орос хэлний орчуулагч хүн. Хокүтомарү 6 настайгаасаа эхлэн ээжийнхээ хамт Чех, Испани, Нидерланд, Францад амьдарч байсан тул монгол, япон хэлнээс гадна франц, испани, англи хэлээр ярьж чадна. Хүүхэд насандаа Европт хөлбөмбөгт дуртай байсан ч одоо сүмо бөхөөс өөр спорт сонирхохоо больжээ.