Тажикистаны сөрөг хүчин Насимжон Шарипов 2023 оны хоёрдугаар сарын сүүлээр сураггүй алга болжээ. Түүний хамтран зүтгэгч, “Групп 24” улс төрийн хөдөлгөөний удирдагч Сухроб Зафар энэ талаар ярихдаа “Тэр зүгээр л алга болчихсон. Хурал хийхээр гарч яваад ирээгүй. Бид цагдаа, шорон, эмнэлэг, шилжилт хөдөлгөөний төвүүдийг бүгдийг нь шалгасан. Цаашид юу хийхээ мэдэхгүй байна” гэсэн юм.
Сухроб Зафар, Насимжон Шарипов нар 10 жил Турк улсад амьдарчээ. Тажикистаны засгийн газар сөрөг хүчнийхнийг дарангуйлж, “Групп 24”-ийн үйл ажиллагааг хориглосон тул тэд 2014 онд эх орноосоо дүрвэсэн аж. Тэд саяхан заналхийлсэн дуудлага хүлээж авсан байна. Уг дуудлагад “Та нарыг хулгайлаад, эрүү шүүлт, удаан хугацааны хорих ял тулгадаг засгийн газартай Тажикистан руу буцаана” гэжээ.
Эхлээд Насимжон Шарипов, хэд хоногийн дараа Сухроб Зафар ч сураггүй болсон. Тажикистаны бие даасан хэвлэлд гуравдугаар сарын 20-нд мэдээлснээр, хоёр идэвхтэн гавлуулсан байдалтай Тажикистаны нийслэл хотын нисэх онгоцны буудалд харагдсан аж. Гэвч тэд яг хаана байгаа талаар албан ёсны мэдээлэл одоо хүртэл гараагүй байна. Мэдээж тэдний хувь заяа хэрхсэн нь түгшүүр дагуулж байна.
Вашингтон Д.С.-д төвтэй “Crude Accountability” хүний эрхийн байгууллагын хийсэн судалгааны дүнг харахад Тажикистанд хүн сураггүй алга болох гэмт хэрэг цөөнгүй гардаг. Энэ нь олон улсын хууль тогтоомжийн дагуу хамгийн хор хөнөөлтэй гэмт хэрэгт тооцогддог.
Сүүлийн 20 жилийн хугацаанд гарсан тохиолдлуудтай танилцаж дүзэхэд 10 сая гаруй хүн амтай Тажикистан улсын хувьд тэрс үзэлтнүүдийг дарах шилдэг арга нь хүчээр алга болгох арга байв.
ОНЦГОЙ АЙДАС
Тухайн хүн хаана байгааг, үхсэн амьдыг нь огт мэдээгүй байхад засгийн газар түүнийг баривчилж, хориж, хөнөөсөн тохиолдлыг хүчээр алга болгох гэж хэлнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2010 онд “Ямар ч хүнийг албадан алга болгохыг хориглоно” гэж тодорхой заасан байдаг. Гэвч энэ конвенцид Тажикистан гарын үсэг зураагүй.
Энэ нь хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд онцгой айдас төрүүлдэг. Хэн нэгнийг ойр дотны хүмүүсээс нь бүрмөсөн холдуулж, хэдэн арван жилээр үргэлжлэх магадлалтай зовлон шаналал, тодорхойгүй байдал руу түлхэж байна гэсэн үг.
Латин Америкт 50 жилийн өмнө харгис хэрцгий хунтагийнхан эрх мэдлийг булаан авахад “алга болох” гэдэг энэ үг алдартай болжээ. Тухайн үед генерал Аугусто Пиночетын тушаалаар дор хаяж 1248 хүн сураггүй алга болсон байдаг.
1992 оноос хойш Тажикистан улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний үзүүлэлтээрээ байнга сүүл мушгисаар иржээ. Өдгөө хагас зуун өнгөрсөн ч дарангуйлагч ерөнхийлөгч Эмомали Рахмоны засаглал дор энэ хор хөнөөлтэй үйл эмх замбараагүй байдлаар үргэлжилсээр байна. Тажикийн эрх баригчдын бусдыг хүчээр алга болгох ажил 1992-1997 оны иргэний дайнаас эхлэлтэй. ЗХУ задран унасны дараа иргэний дайны хөлд 20-150 мянган хүн амиа алдсан юм.
Сураггүй алга болсон тажикуудын тоог үнэн зөв гаргах нь туйлын хэцүү юм. Хүнийг албадан алга болгохын эсрэг НҮБ-ын ажлын хэсэг 2019 онд бусад мэргэжилтнүүдийн хамтаар Тажикистанд айлчилсан. Гэвч тэдний үйл хэргийг ерөнхийлөгч Рахмон эсэргүүцэж, болзошгүй хүчирхийллийг шалгалтаас гадуур өнгөрөөж чадсан байна.
Ямартай ч НҮБ-ын баг тухайн үед Тажикистаны асуудалд урьд өмнө байгаагүйгээр хайхрамжгүй хандсаныг онцлууштай. Тэд албан ёсны тоо баримт ч авч чадаагүй.
Рахмоны цэргүүд иргэний дайнаас ялалт байгуулсны дараа дарангуйллын дэглэм хоёр дахь арван жилдээ орж, улам бүр хурцадмал хэлбэрт шилжсэн юм. Рахмон өрсөлдөөнт сонгууль, чөлөөт хэвлэлийг хүлээн зөвшөөрөх бус шүүмжлэгчдийг баривчлах, хулгайлах замаар эрх мэдлээ бэхжүүлэх бүдүүлэг аргыг сонгожээ.
Сураггүй алга болсон хүмүүсийн дунд 2003 оны тавдугаар сарын 30-нд гэрээсээ баривчлагдсан Тажикистаны Исламын сэргэн мандалтын намын дэд дарга Шамсуддин Шамсуддинов байсан. Түүнд өмгөөлөгч авах эрх олголгүйгээр шүүж, 16 жилийн хорих ял оноожээ. Харамсалтай нь тэрээр 2008 онд торны цаана нас барсан аж.
ЭРХ БАРИГЧДЫН УРТ ГАР
Гадаадын оронд бүгсэн сөрөг хүчнийхэн нэр хүнд сайтай байгааг анзаарсан Тажикийн эрх баригчид тэднийг алга болгох ажиллагааныхаа цар хүрээг улам бүр өргөжүүлсэн.
24 настай Эхсон Одинаев л гэхэд Орост дүрвэн очсон хэдий ч 2015 оны тавдугаар сарын 19-нд Санкт-Петербург дахь байрнаасаа гараад сураггүй болсон. Тажикийн эрх баригчид өмнө нь түүнийг тодорхойгүй кибер гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжилж, Интерполд бүртгүүлсэн байжээ. Одинаев алга болохоосоо өмнө найз нөхөд, гэр бүлийнхэндээ хандан, өөрийг нь дагаад байгаа талаар хэлж байжээ.
Өдгөө Одинаев алга болоод бараг 10 жил болох гэж буй ч ар гэрийнхэн нь түүний амьд мэнд эсэхийг, Орос, Тажикистаны яг хаана байгааг огт мэдэхгүй аж.
Рахмоны засаглалын эсрэг дотоодын эсэргүүцлийн сүүлчийн түшиц газар бол Горно-Бадахшан автономит муж. Тажикистаны зүүн өмнөд хэсэгт оршдог тус бүс нутагт өөр өөр хэлээр ярьдаг үндэсний цөөнх памирчууд амьдардаг. Тэдний олонх нь суннит шашинтай. Тажикийн эрх баригчид “терроризмын эсрэг ажиллагаа” гэсэн нэрийн дор Памирын олон зуун сэхээтэн, сэтгүүлч, шашны болон олон нийтийн удирдагчийг барьж, хорьжээ.
Энэ зуураа Орост амьдардаг олон арван нэр хүндтэй памир хүнийг баривчилсан. Баривчлагдсан хүмүүсийн дотор цагаач залуучуудын удирдагч Амриддин Аловатшоев байв. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын Белгород хотод баригдсан. Аловатшоев сүүлд нь Тажикистаны телевизээр гарч, тодорхойгүй гэмт хэргийн улмаас албадан ял хүлээхээр болоод буйгаа хэлжээ. Түүнд 18 жилийн ял оноосон юм.
Тажикистан дотроо олон хүн сураггүй алга болсон ч гадаадын улсуудаас Орос, Турк, Беларусь тэргүүлж байна. Тиймээс тус улсын хүний эрхийн байгууллагууд Орос, Турк, Беларусьтай хамтран ажиллаж, аюулгүй байдлын албаныхаа хүрээг нэмэгдүүлсэн гэж үздэг.
Орос, Турк, Беларусь улсууд авторитар дэглэмтэй тул үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлтэд оролцсон гэх нь тийм гайхмаар зүйл биш. Гэтэл Польш, Герман, Австри зэрэг ардчилсан улсууд албадан хүчирхийлэлд оролцсон нь илүү цочирдмоор илчлэлт болжээ. Тэд орогнол хүсэгчдийг Тажикистан руу буцааснаараа албадан хүчирхийлэлд оролцсон болох юм.
Тажикистан дахь нөхцөл байдлыг сайн мэдэхийн хувьд Европын парламент энэ оны нэгдүгээр сард баривчлагдсан хүмүүсийг болзолгүйгээр суллахыг уриалсан тогтоол гаргажээ.
Эх сурвалж: THE CONVERSATION