Монгол Улсын шигшээ баг анх удаа FIBA-2025 Ази тивийн аваргын эрх олгох тэмцээнд оролцох эрхийг аваад байгаа билээ. Тэгвэл Монголын сагсанбөмбөгийн холбоо/МСБХ/-ны удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард тоглох шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн болох 30 тамирчны нэрийг зарлалаа.
Ийнхүү шигшээ багт Үндэсний дээд лигийн багуудаас 25 тамирчин, олон улсаас таван тамирчныг дуудсан байна. Тухайбал, АНУ-ын Сан Франциско их сургуулийн сагсанбөмбөгийн багт тоглож буй Ш.Энхийн-Од, Япон улсын оюутны лигийн нэгдүгээр дивизонд Aoyama Gakuin University-ийн бүрэлдэхүүнд тоглодог О.Тулга, Kyoto Sangyo их сургуульд тоглодог Х.Оргил, Тайваньд тоглодог Д.Баясгалан, Э.Сугар-Очир шигшээ багт дуудагджээ.
Түүнчлэн, 30 тоглогчоос 12 тоглогчийг нь сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэх аж. Шигшээ багт Ц.Азбаяр, Б.Тамжид, Ч.Ижилболд дасгалжуулагч ажиллахаас гадна багийн скаут буюу тоглолт судалгаанд туслахаар Серби мэргэжилтэн Велибор нэгдсэн байна.
Харин манай шигшээ баг эхний тоглолтоо ирэх оны хоёрдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод тус улсын шигшээ багтай хийх бол хоёрдугаар сарын 25-нд эх орондоо ГУАМ-ын шигшээ багийг хүлээж авч тоглох юм.