Өнгөрсөн оны аравдугаар сард Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ээлжит их хурлаар и-Спортын анхны олимпын наадмыг зохион байгуулахаар хэлэлцэж тохирсон.
Тэгвэл ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах саяхан Хятадын төрийн Шинхау агентлагт өгсөн ярилцлагадаа анхны и-спортын олимпыг удлаа гэхэд 2026 онд багтаахаар төлөвлөж байгааг онцолжээ.
Энэ талаар тэрбээр “И-Спортын анхны олимпыг яг хэзээ хийх талаар эцсийн шийдвэр гараагүй. Гэхдээ 2026 оноос хэтрэхгүй зохион байгуулна. Олимп зохион байгуулна гэдэг тоглоом биш. Тиймээс бүх зүйлийг сайтар бэлтгэсний дараа албан ёсоор танилцуулна” гэв.
Түүнчлэн олимпын босс цаашид хиймэл оюун ухааныг спортын шударга өрсөлдөөнд сайнаар нөлөөлнө гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм.
Анхны и-Спортын наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Япон улс мэдэгдсэн. Одоогоор хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууж байгааг Т.Бах мэдэгдлээ.
Эх сурвалж: Inside The Games