–Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй… гэж бат итгэгсдийн балаг балаг дуусахгүй санж. Бүлгээрээ хэлэлцэж байгаад засаглагчид ямар их тонуул, дээрэм хийв дээ. Орчин үеийн угаалгын машин хүйтэн усыг өөрөө халааж, угааж, сэгсрээд, индүүдээд өмсөхөд бэлэн болгоод онгойдог болжээ. Алх барьсан хүнд бүх зүйл хадаас шиг харагддаг гэгчээр эрх мэдэлтнүүдэд хамгийн түрүүнд хориглоно, хураана, хаана, буцаана гэх үгс толгойд нь буудаг бололтой. Үүнийг дарга нарын хамар доорх хагархай болгоноос сонсдог билээ. Хуучин нийгмийн ёс суртахуунаасаа салаагүй шахуу байж бүгдээрээ гэнэт хөлжөөд, өөр өөрийн гэсэн өмчтэй болоодохсон нь өнөөдрийн дарга нарт таалагдсангүй. Тэдний толгойд аль хэзээний хүн байхгүй бол асуудал байхгүй гэх бодол эргэлдэх болсон бөгөөд асуудлаа шийдэхийн тулд толгойгоо чилээхдээ бодож олсон философи нь сармагчинтай адилхан болгож саармагжуулах бололтой. Ингээд монгол хүнийг мал шиг халамжлах тухай л тэд хамгийн ихээр толгойгоо гашилгасаар ирэв. Түгжрэлийн бууруулахын тулд баруун жолоотой машиныг хориглохыг бодож олсон бөгөөд ингэснээр өнөөдөр бидний хэрэглэж буй тээврийн хэрэгслийн 60 хувийг нь хөдөлгөөнд оруулахгүйгээр хориглох боломжтойг аль арван жилийн тэртээд анх ярьж эхэлсэн юм. Гэвч дарга давхаргадаа үлдэхийн тулд дахин дахин сонгуульд оролцох шаардлагатай бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нь өөрийгөө зайлуулсантай адил болохоор ямар ч бүдүүн зүрхтэн зүрхэлсэнгүй өдий хүрэв. Гэхдээ энэ санаа ул мөргүй арилаагүйгээр өдий хүрсэн бөгөөд өөрсдөө бэлтгэлээ базааж зүүн хүрдтэй жийп шинэчлэгдэх тоолонд авгай, хүүхэддээ аль болох төрөөс тоншсон мөнгөөрөө авч өгдөг болжээ. Тиймээс наанаа нийт иргэдийнхээ эрх ашгийг бодолцож байгаагаа тайлбарлан шийдвэр гаргахаас татгалзсаар ирсэн юм. Ингэхдээ давхар нэгэн судалгааг Д.Амарбаясгалангаар ахлуулсан намчид тасралтгүй хийж ирсэн нь иргэдийн санаа бодлыг тандах, хүний эрх, эрх чөлөөний мэдлэг хэр байгааг мэдэх судалгаа байв. ХХХ хурлынхаа үеэр энэ тухайгаа саймжирч, энүүхэндээ гэж хэлсэн нь чөлөөт эдийн засгийн замыг сонгосон монголчуудын дийлэнх нь хүний эрхийн тухай ойлголт тун чиг доогуур байгааг судалгаа нотолжээ.
Нэгэнт хүний эрхийн ойлголт нь бүдэг, бадаг байгаа хойно, яах билээ. Түүнийг нь далимдуулж өөрсдийн эрх мэдлийг ашиглан “зөв” замд нь оруулах ёстой гэсэн тэд нэг аргатай болов. Тэр нь гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар эхлээд иргэдийн санал бодлыг сошиал орчинд тандаад хэрхэн реакц үзүүлэхээс нь хамаарч шийдвэрээ албажуулах эсэхээ шийддэг болов. “
Хөл хорио тогтоох уу” гэж асуух нэг хэрэг. Харин “Иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах үүднээс мөнгөн урамшуулал олгоод хөл хорио тогтоохоос өөр арга алга” гэвэл дуртайяа нийгэм журам ярьж, нийгмээрээ зөвшөөрөх аж. Өөрийнхөө амьдралыг бор зүрхээрээ болгож яваа нэгэн үүнийг нь эсэргүүцвэл нийгмээрээ хараан зүхэж, хадан гэрт очиход хүргэхийг нь яана. Бүгд ижил саналтай байхад ганцаараа сөрвөл түүнийг цаазлахгүй юм гэхэд амьдаар нь “үхээр” болгох энүүхэнд.
Яг энэ үзэл дээр дөрөөлөн Х.Нямбаатар тэгш, сондгойгоор нь явуулах төлөвлөгөөгөө өнөөдөр хэрэгжүүлж байна. Дүн өвлийн хүйтэнд тэгш, сондгойгоор нь явуулна гэсэн атлаа татвараа бууруулах тухай ганц үг гав хийгээгүй байхад иргэд эсэргүүцэж байсан бол долоо хоногт тэгш дугаартай нь нэг хоногоор дутуу, сондгой нь нэг хоног илүү явж байгаа тухай “яс” шидсэнээр шал өөр санаа бодолтой болсон юм. Дарга давуу эрхтэй, иргэн илүү эрхгүйг амьдралаараа мэдэрсэн иргэд “яахаараа надаас илүү энэ явах ёстой юм” гэдгээр хэрүүлийн чиглэл өөрчлөгдөж, Х.Нямбаатар таашаалтай инээмсэглэсэн юм.
Од гаригсын хөдөлгөөнийг өөрчилж, нар, сарны мандах жаргахын шийдэж, долоо хоногийг найм болгон өөрчилж чадахгүйгээс хойш хориглосон өдөртөө явах дугаарыг өөрчилснөөр асуудал шийдэгдэв. Чоно цатгалан, сүрэг бүрэн…
Нийслэлчүүдийн шинэ тэвчээрийн багш ийнхүү амжилттай эхний ангиа төгсгөх нь тодорхой болов. Гээд түгжрэл буурсангүй. Сондгой нь тэгшээ, тэгш нь сондгойгоо хардав. Үнэн хэрэгтэй явахгүй өдрөө явсан нэгнээс бус шатахууны импортлогчдоос болоод замын нэгдүгээр эгнээ оочерын эгнээ болжээ. Энэ эгнээгээр хэрхэн зөрчих “дүрмийг” боловсруулаагүй учраас иргэд өөрсдийнхөөрөө асуудлыг шийдэж байна. Оочер дайрсан этгээдийг олноороо нийлж байгаад өргөөд гаргасан анхны тохиолдол өчигдөр бүртгэгдэв. Нийт нь нэгнийхээ төлөө гэдэг хамтач уриагаар яг одоо тэвчээрийн багш дараагийн төлөвлөгөөгөө боловсруулсан нь ногоон автобусны оронд оруулж ирж буй саарал автобус болов. Анзаарсан бол анх харуулсан зурагтнаас авто баазаас гарч буй зурагт дүрслэгдсэн автобус өөр байна гэх…
Өөрийг нь байнга зовоож, амар тайван байлгадаггүй хүнийг өөд болгоход нь хэнгэнэтэл уйлж буй нэгнээс яагаад уйлсныг нь асуухад “Тэвчээрийн багшаасаа саллаа” гэж харуусч байсан гэдэг. Өнөөдөр тэр инээж буй ч маргааш бид уйлах зогсохыг хэн мэдлээ.
Нийслэлчүүд шинэ тэвчээрийн багштай боллоо. Түүний үед мөсөн халиа хотыг “живүүлэхэд” ойрхон байна.