Олон улсад ингэж өргөн дэлгэр тэмдэглэдэг эсэхийг мэдэхгүй, харин монголчууд гуравдугаар сард хоёр удаа эр, эмээрээ баярладаг. Нэг нь социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр /, нөгөө нь Хувьсгалт цэргийн баярын нэрийг сольсон Монгол цэргийн баяраар. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ баярлуулдаг, бас бүх нийтээр амардаг. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эмэгтэйчүүд баяр тэмдэглэж, эрхээ эдэлдэг. Тэгвэл Монгол цэргийн баяр нь гуравдугаар сарын 18-нд тохиодог агаад эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээ “аяганы хариу” барина.
Жендер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш харилцааны тухай онол. Товчхондоо, эр, эм хүйс адилхан тэгш эрхтэй гэсэн агуулгатай. Атал Монголд зөвхөн эмэгтэйчүүдийн эрх талаасаа нутагшуулчихсан,нутагшчихсан. Жендер гэхээр монголчууд эмэгтэйчүүдийн илүү эрх гэж ойлгодог, хүлээж авдаг, хүлээн зөвшөөрдөг болсон байна.
Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” гээд цагаан дээр хараар бичсэн заалт бий. Атал Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүртэл батлаж, зорилгыг нь “улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлчихсон. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийн тухай л ярьцгаадаг болсон.
Үр дүн нь эрчүүдийн тэгш эрхийг ярих хэмжээнд эмэгтэйчүүдийн илүү эрхийг хөгжүүлсэн, хүлээн зөвшөөрсөн байна.
Монголын охид бүсгүйчүүдийн эрх дэлхийд байг гэхнээ Азидаа дээгүүр байр булаацалдах хэмжээнд хүрсэн үү, хүрсэн. Улс төр, эдийн засаг, боловсролын салбар дахь монгол эмэгтэйчүүдийн оролцоо улам нэмэгдэж байна. Гэрийн хорионд орж, гивлүүр зүүх хэмжээнд монгол эмэгтэйчүүдийн эрх дордоогүй. Эсрэгээрээ Монголын эрчүүдийн боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн чадамж эмэгтэйчүүдийнхээс доогуур төвшинд очсон, гэр бүл төлөвлөлтөөс эхлээд нийгэмд олон сөрөг үр дагаварууд ч гарч ирж байна. Ганцхан статистик сонирхуулахад, 18-34 насны малчдын 87 хувь нь эрэгтэй, тиймээд хөдөөгийн ганц бие залуусын асуудал цаашдаа нийгмийн нэг хөндөх сэдэв болох магадлалтай.
Аль ч их дээд сургуулиар ороод гарахад дийлэнх нь эмэгтэйчүүд болсон. Хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн гэсэн хүнд, хүчир салбараас бусад салбарт эмэгтэйчүүд жин дарах болсон. Улс төр болон удирдах төвшний оролцоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэр бүл дотор ч, улс орны бодлого шийдвэр нь ч эмэгтэйчүүдийн эрхийг эрчүүдээс илүүд тавьдаг. Эцэстээ улам зэрлэгшиж буй охидоо хэрхэн зөв хүмүүжүүлэх тухай хөндөхөд хүрсэн байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсрол төвшин ч ялгаатай, их, дээд сургууль, коллежийн суралцагчдыг хүйсээр авч үзвэл, нийт суралцагчдын 60.7 хувь нь эмэгтэй, 57.8 хувь нь эрэгтэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн золиос нь ганцхан эмэгтэйчүүд байдаг гэсэн ойлголтоосоо салж байж л гэр бүлийн хүчирхийлэл буурна. Монголд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны статистик дээр суурилсан дүгнэлт. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эрчүүд тэр болон цагдаа, эмнэлэг, шүүхэд ханддаг. Тэдний хэд нь бие, сэтгэлийн хүчирхийлэлд өртдөг талаарх судалгаа бараг байдаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл далд үйлдэгддэг. Тэр тусмаа эрчүүд илүү далд хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлдэг гэвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй эрчүүд өөрсдөө ч ил, далд эрт, урьдын хохирогч байсан гэсэн үг.
ДЭМБ- аас гаргасан судалгаагаар Монголд амиа хорлосон тохиолдлын 85 хувь нь эрчүүд аж. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино. Монгол эмэгтэй дундаж наслалт 74.9 бол, эрэгтэйнх нь 64.9. “Тэргүүн”-ээ аваад, тэтгэвэртээ гараад нас бардаг гэх онигоо бол ортой үг. Эдийн засаг, сэтгэл зүй талаасаа эрчүүд ил далд хүчирхийлэлд өртдөг Монголд байдаг л зүйл. Харин, эмэгтэйчүүдийн хувьд энэ нь сэтгэл санаа- эдийн засгийн хохирогч болж хувирдаг.
Улс төр дэх шийдвэр нь хүртэл хүйсийн тэгш эрхэнд халдсан. Жишээ нь, сонгуулийн листэнд эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжүүлнэ, нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байна гэж хуульчилж өгч байгаагаа хүйсийн тэгш байдал гэж андуурч болохгүй. Харинч эсрэгээрээ энэ нь хүйсийн асар том ялгаварлал шүү дээ.
Охидын эрх, хөвгүүдийн эрх гэж тусдаа ойлголт байхгүй. Эмэгтэйчүүдийн эрх, эрчүүдийн эрх гэсэн ялгаварлал бүр ч баймааргүй байна. Товчхондоо, Орос, Монгол хоёр өргөн дэлгэр тэмдэглэдэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жилээс тэмдэглэхээ больё! Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя гэвэл эрчүүдийн эрхийг давхар хамгаалах ёстой. Ингэж байж л хүйсийн тэгш эрх тэнцвэржина. Хүйсийн тэгш эрх нь угтаа хүний эрх, ялгаварлалгүй байдлын тухай онол юм шүү дээ.