Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн сүүлийн өдөр өнөөдөр/2024.01.28/ тохиож, аварга тодорлоо. Өчигдөр өвдөг шороодсон озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давбал сэкивакэ Котоновака түрүүлэх учиртай байв. Гэтэл ёкозүна Тэрүнофүжи бэлтгэлжилт сайтай байгаагаа харуулж, Киришимаг давж, улмаар Котоновакатай нэмэлт барилдаан хийв. Нэмэлт барилдаанд ёкозүна илүүрхэж, энэ оны эхний башёд 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Котоновакад өвдөг шороодож, түрүүлэх боломжоо алдсан. Хэрэв тэрбээр давсан бол өнөөдөр Тэрүнофүжитэй аваргын төлөө барилдах байсан юм. Хацү башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх болзолтой байсан Киришима 11 даваа, дөрвөн унаатай башёг дуусгалаа.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр озэки Хошорюү С.Бямбасүрэнг давж, аваргын өрсөлдөөнд амьд үлдсэн. Харин Хошорюү башёгийн сүүлийн өдөр бэртлийн улмаас барилдсангүй. Тэрбээр арван даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлэв.
Хацү башёд сэкивакэ Котоновака сайн барилдаж, Киришимагийн ёкозүна болох мөрөөдлийг хойшлуулаад зогсохгүй Тэрүнофүжитэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүллээ. Өдгөө 26 настай Чиба мужаас гаралтай залуу 13 даваа, хоёр унаатай аман хүзүүдэж байна.