Өнгөрсөн онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад төсвийн мөнгөнд гар татаагүй. Тодруулбал, Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолд тусгагдсан Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах цогц арга хэмжээнд зориулж, 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн суурь зарлагад тусгасан байдаг.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэлийн дүр зураг дордсон уу гэхээс дээрдсэнгүй, нийслэлчүүдийн уур уцаарыг барсан хэвээрээ байна.
Энэ асуудлын эхэнд нөгөө л нийтийн тээврийн шинэчлэлт, автобусны хүрэлцээ хангамж яригдаж таарна. Тиймээс 2023 онд ч бас түгжрэл тойрсон түвэгтэй асуудлыг шийдвэрлэх 420 тэрбум төгрөгийг олон зүйлд цацаж, цалгардуулаад, ард нь асуудал шийдэгдсэн зүйлгүй дахин түгжрэл тойрч хуралдаад суумааргүй байна.
Өнөөдрийн байдлаар хүн амын 60-70 хувь нь ажиллаж, амьдарч буй Улаанбаатарт нийт 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд үйлчилж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Хотын хүн амыг 1.6 сая хэдийнэ давсан гэж үзвэл нийтийн тээврийн үйлчилгээ, хүрэлцээ хангамж өнөөдөр жинхэнэ улныханд зориулсан дорд үйлчилгээтэй явааг тодотгох нь илүүц биз.
Хамгийн гол асуудал нь, эрхэм дарга нарын ярьдаг шиг ард түмэн автобусанд суухаасаа ичээд, хотын замд машинтай түгжрээд яваа бус хүлээгээд ч ирдэггүй автобустай, явж бүтдэггүй түгжрэл дунд ажил амьдралынхаа үнэт цаг хугацааг үрээсээр байгаад гол учир байгаа юм. Энүүхэндээ гэж ярихад, нийтийн тээврээр үнэнч үйлчлүүлэгч нь хүүхэд хөгшид, оюутан залуус, ажиллах хүчнийхэн байгаа нь нууц биш.
Дээрээс нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн дунд хөхөө өвлийн хүйтэнд хөл гараа хөлдөөн байж, автобус хүлээдэг зовлонг туулаагүй, тойрсон хүн нэг ч үгүй. Орой ажил тараад автобус хүлээхэд зоолттой 30-40 минут автобусны буудал дээр дэрчийтэл зогсдог тэр байдал одоо ч хэвээрээ.
Хавар, зуны улиралд хувийн байгууллагын ажлын цаг тарахтай зэрэгцээд 21:00-22:00 цаг гээд зогсчихдог нийтийн тээврийн үйлчилгээнд халаглаж, харамсаагүй хүн ч бас байхгүй биз. Тиймээс автозамын түгжрэлийг шийдэх эхний алхам бол яах аргагүй нийтийн тээврийн хүрэлцээ хангамж юм.
Харин дараагийн ярих сэдэв, хийх ажил нь таксины жолооч нар шиг тамхиа татаад, 200-500 төгрөг бэлэн аваад халтуураа хийчихдэг жолооч нарын үйлчилгээний соёл, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх цэвэрхэн орчныг бий болгох тухай юм.
Ямартай ч нийтийн тээврийн шинэчлэл, нийслэлийн автозамын түгжрэлийн асуудал нь ярихгүй биш ярьдаг, жил дамнан хуралддаг, дарга нарын ярьдаг, шоуддаг сэдэв болж хувираад байгаад баяртай байна. Энэ бүхний ард ажил урагшилж, асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлт олон нийтэд байсаар байна.
2023 онд Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа автозамын түгжрэл тойрсон олон асуудлыг шийдвэрлэхэд дахин 420 тэрбум төгрөгийг зарцуулах болсныг иргэд мэднэ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанар, стандарт, хүний нөөцийн хомсдол зэрэг хүндрэлтэй асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ хэмээн яриад жил болж байгааг иргэд бас мэднэ.
Тиймээс энэ ажлын үр дүнд эрхэм дарга нарын ярьж буй шиг нийтийн тээврийн үйлчилгээ олон улсын жишигт хүрч, өвөл нь даарч зутардаггүй, зун нь хөлс хирэндээ бүгчимдээд байхгүй, агааржуулалттай, цэвэр цэмцгэр автобустай болчихвол баярлах хүн бас олон байна.
Үүний ард автомашины зогсоол хайж, аргаа бардаг хүмүүст нийтийн тээврээр үйлчлүүлэх сонголтыг өгч “Машинаа хаана тавих уу?” гэсэн иргэдийг мэдрэлийн ядаргаанаас чөлөөлөх бас нэгэн хүлээлттэй ажил хөрсөн дээрээ бууна.
Ард түмэн автобусаа илүүд үздэг болчихвол хотын замд түгжрээд байгаа автомашины тоог цөөлж, агаарын бохирдол, утаа униараа ч бас шингэлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, энэ ажлын оновчтой зөв шийдлийн ард олон асуудал бас шингэрч шийдэгдэнэ гэсэн үг.
Автобус шинэчлээд түгжрэл буурна гэдэг бол үлгэр
Хоёрдугаарт, автозамын түгжрэл ярихаар автобусаа шинэчилж шинэ болгох тухай их ярьдаг. Хэдийгээр энэ нь зөв боловч автобусаа шинэчлээд бид түгжрэлийг бууруулна гэвэл басөрөөсгөл ойлголт болно. Өөрөөр хэлбэл, хотын түгжрэлийг бууруулах гарц гаргалгааг зөв гаргаж, тохирсон шийдлээ олох нь чухал юм.
Автобус нь шинэ хуучиндаа бус хүрэлцээ хангамжиндаа гол учир байгааг бас бодолцох хэрэгтэй. Тэгэхгүй бол хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг шиг олон бүтэхгүй зүйлд мөнгө хуваарилж, үр дүнгүй зардал гаргаж байхаар автозамын шинэчлэл, өргөтгөлийн ажлуудыг доривотой хийх нь чухал юм. Жишээ нь, хот хойшоо, урагшаа дөрвөн зүг рүүгээ тэлэх нь зөв гэж ярьж байгаа ч өглөө оройд Яармагийн замд хонох шахдаг бол энэ бас асуудал юм.
Тиймээс Улаанбаатар хотын гол төв замын уулзваруудыг давхар болгож өргөтгөх, аль эсвэл нөгөө агаарын дүүжин зам, такси, метрогоо барих ажлыг шуурхайлсан нь дээр байх. Замаа засаж өргөтгөсний дараа автобусаа шинэчилж бас болно.
Их дээд сургууль, том захуудаа нүүлгэчихвэл хот түгжрэлгүй болно
Нөгөөтэйгүүр, автозамын түгжрэл хэдийд шингэрч, хэдийд эрс нэмэгддэг вэ гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Зуны гурван сард хотын зам хоосон болдог нь сургууль, цэцэрлэг амарсных байдаг. Харин намар 9-10 сард хот оюутнуудын хөлд дарагдаад, жинхэнэ тэг зогсолтыг хийх шахдаг. Тиймээс замын түгжрэл, хүн амын бөөгнөрлийг эрс нэмэгдүүлдэг, их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх нь түгжрэлийг шингэлэх хамгийн чухал ажлуудын нэг юм.
Мөн нийслэл хотын төвлөрлийг нэмэгдүүлдэг томоохон зах, худалдааны төвүүдийг хотын зах руу нүүлгэх ажлаа эрчимжүүлэх нь шийдэлтэй, зөв ажил болох нь дамжиггүй юм. Ингэж чадвал хотын захын иргэд төдийгүй яармагийнхан түгжрэхээ болино.
Оюутнууд хотоос гарна, дагаад олон төрлийн үйлчилгээ хотын захад цэцэглэнэ. Их, дээд сургууль нь хотын зах руу бус дагуул хотууд руу, бүр Дархан, Эрдэнэт, Дундговь, Ховьд Хэнтий рүүгээ нүүлгэчихвэл давхар энэ нь хөдөөгийн сэргэлтийн бодлого болно.
Автобусны хөнгөлөлт нэрийдлээр залууст олгодог зарим зардлыг аньж, төсөвөө хэмнэнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд хөгшиддөө тавих урамшуулалт үйлчилгээ, анхаарал халамж нэмэгдэнэ гэх зэргээр олон асуудлыг давхар шийдвэрлэх боломжтой.
Эцэст нь хэлэхэд, автозамын түгжрэлийг цогцоор нь шийднэ гэдэг нь нөлөөлөх хүчин зүйлсийг нь цогцоор нь авч үзэхыг хэлж буй хэрэг байх. Түүнээс автобусыг шинэчилснээр автозамын түгжрэл арилна гэвэл мянгуужингийн үлгэр болох байх.
Хотын түгжрэлийг бууруулах асуудал нь дан ганцхан хотын асуудал биш гэдгийг энэ бүхнээс харж байгаа байх. Засгийн газар, УИХ, Зам тээврийн яам, БХБЯ, БШУЯ зэрэг олон салбарын хамтын шийдлээр энэ асуудал цэгцрэх нь гарц гаргалгааны нэг хэсэн юм. Дээр нь мэдээж, ард түмний унаа нь хол, ойрын зайд явна гэсэн богины эргэлттэй, ар араасаа түргэн шуурхай ирдэг болчихвол төгрөгийн ханш чангарсан энэ үед ард түмэн бензин шатахууны үнэ, төлбөрт зогсоолын мөнгөнд дарлуулахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Автобус нь шуурхай, автозам нь түгжрэлгүй бол өнөө цагийн монголчуудын тархинд суусан “Дарга нар дандаа машинтай явдаг” гэсэн ойлголт үгүй болно. Борчуудын унаа гэгддэг нийтийн тээвэр нь эрэлтттэй болж, автозамын түгжрэл шингэрнэ, автобус унааны хэрэглээ нэмэгдэх нь 420 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ ажлын гол шийдэл байх болов уу?