Түлхүүргүй (keyless) технологитой автомашинууд удахгүй ямар ч ул мөргүйгээр хулгайлагддаг болох эрсдэл ойрхон байгааг “The Observer” байгууллагын мэргэжилтнүүд анхааруулжээ.
Ийм эрсдэл байгааг бүр арав гаруй жилийн өмнөөс үйлдвэрлэгчдэд анхааруулж байсныг уг тайланд бас дурдсан байна.
Тухайлбал 2011 онд Калифорнийн их сургууль, Вашингтоны их сургуулийн судлаачдын багийн хамтарсан илтгэлд орчин үеийн автомашинуудын программ хангамжид ямар нэг телематик төхөөрөмжийн тусламжтай халдаж, автомашины хаалганы түгжээг тайлах, хөдөлгүүрийг асаах боломжтойг анхааруулж байжээ.
Ийм төрлийн хулгай сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь Өрнөдийн орнуудад автомашины даатгалын хураамжийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өсгөсөн байна. Тухайлбал Их Британид хулгайн даатгалын хэмжээ жилийн 2,000 фунт стерлинг ($2,500) даваад байгаа юм.
Судлаачид автомашин хулгайлах дараах боломжууд бий болсныг олж тогтоожээ.
- Компьютер тоглоомын гартай төстэй “emulator” хэмээх төхөөрөмжийг ашиглан түлхүүрийг нь орлуулан 20 секундийн дотор автомашины хаалгыг нээдэг болжээ. Ийм аргыг Hyundai, Kia үйлдвэрийн автомашинуудад хэрэглэдэг байна.
- Зах зээлд $6,000 хүртэл үнээр зарагддаг “Smart” төхөөрөмжийг ашиглан автомашины компьютерын системд халдаж, шинэ түлхүүр үүсгэн программчилдаг болжээ.
- Зарим хотуудад түлхүүргүй автомашины хулгай олширсон тул цагдаа нар камерын бичлэг нь байсан ч 24 цагийн дотор хэргийг хаадаг болсон байна.
“Автомашин үйлдвэрлэгчдэд энэ шинэ технологийг анх гарч ирэх үед анхааруулж байсан ч хайхраагүй өнгөрсөн. Үүнээс болоод өнөөдөр хүмүүс автомашинаа даатгуулж чадахгүй, эсвэл маш өндөр хураамж төлөх гамшгийн нөхцөл байдалд хүрээд байна” гэж авто салбарын хуульч Ник Фриман ярьжээ.
Үйлдвэрлэгчид алдаагаа засахаар сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж эхэлсэн байна.
Jaguar Land Rover компани 2018-2022 онуудад хамгийн их хулгайлагдсан загваруудынхаа “keyless” технологийг сайжруулахад 10 сая фунт стерлингийн хөрөнгө зарцуулах болсноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан юм. Hyundai компани өөрийн “smart key locking system”-ийг гэмт этгээдүүдээс хамгаалах ажлыг нэн тэргүүний зорилт болгож байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian