Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2024.01.16/ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэнгийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 04-нд олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлажээ.
Сонгон шалгаруулалтын зарыг өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан аж. Нийт есөн нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татжээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2022 оны хоёрдугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох хуулийн хүрээнд найман нэр дэвшигчийн материалыг хянахад бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул нэр дэвшигчийн ажлын туршлагад үндэслэн Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшүүлжээ.
Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай.1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
- 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан,1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
- 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах,
- 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
- 2020-2021онд Боловсрол, шинжлэх ухааны сайд,
- 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна гэв.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар танилцуулсан юм.
Тэрбээр, Төрийн албаны зөвлөл хуульд заасан тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Мерит зарчмын хэрэгжилт, төрийн албаны хүний нөөцийн нөхцөл байдалд анхаарч ажиллана хэмээсэн.
Мөн төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход оролцох, тус албаны нэр хүнд, үнэлэмжийг сайжруулах, чанаржуулах, сонгон шалгаруулалтын нөхцөлийг өөрчлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Сонгон шалгаруулалтын нөхцөлийг өөрчлөхөд анхаарна гэжээ.
Түүнчлэн төрийн албан хаагчдын ажлын хандлага, сэтгэлгээг шинэчлэх, өөрчлөх, чадварыг тасралтгүй сайжруулах, тогтвортой ажиллуулах, үнэлгээг шударга, бодитой болгох, төрийн албаны дунд түвшний удирдах албан хаагчийн мэдлэг, туршлага, мэргэшсэн байдал, чадвар, манлайллыг ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулан хараат бус байдлаар үнэлэх үнэлэмжийг өөрчлөхөд анхаарч, төрийн албан хаагчийг дэмжих, өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах боломжууд олгох, урам өгөх, ажлын хэт ачааллыг бууруулах санал гаргаж, холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөөд буйгаа онцолсон.
Төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдлийг гүйцэтгэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, нийгмийн баталгааг нь бодитоор хангах, ажиллах уян хатан нөхцөл зохицуулалтыг бий болгох, ажлын арга барилд шинэ технологи, цахим хэлбэр нэвтрүүлэх талаар санал санаачилгатай ажиллахаа мэдэгдсэн.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, удирдах албан тушаалтан нь өөрийнхөө үгэнд ороогүй, аясаар нь байгаагүй, эсвэл шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг шахаж, ажлаас нь гаргах явдал их болсон. Үүнээс болоод төрийн алба тогтворгүй, салаа сэлгээ их байна гэсэн гомдол ихээр гарах болсон. Ийм асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол ирвэл ямар зарчим барьж ажиллах вэ хэмээн асуусан юм.
Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлд очиж ажилласнаар ажилдаа ханддаг хандлага, ёс зүй, зарчим өөрчлөгдөхгүй. Хууль бус зүйлтэй эвлэрэхгүй, асуудлыг хамтын зарчмаар шийдээд явна.
Төрийн албанд ажиллаж буй 225 мянган хүмүүс дотор төрийн захиргааны албан хаагчдын тоо харьцангуй цөөн. Гэвч Дэлхийн банк, манай улсад хийгдсэн олон байгууллагын судалгааг харахад хамгийн их халаа сэлгээ, дарамт хавчлагад өртдөг хэсэг бол төрийн захиргааны албан хаагчид байдаг. Нийслэл, хороо, дүүрэг аймаг, яам, агентлагт ажиллаж байгаа хүмүүсийн эрх хэт их зөрчигдөн, үндэслэлгүйгээр ажлаас халагддаг шалгаан нь улс төрийн нөлөө.
Тухайн байгууллагыг толгойлж очиж байгаа хүмүүсийн ёс зүйгүй, хариуцлагагүй байдал нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Миний бие Төрийн албаны зөвлөлд очсоноор ямар нэг хууль зөрчсөн, хэтэрхий улс төржсөн, төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан аливаа ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалд зарчмаа барьж, хуулийн хүрээнд ажиллана гэсэн хариултыг өгсөн.
Нэр дэвшигчийн сонсголын дараа сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигчдийн ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн шийдвэрээ гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.