Ирэх долоо хоногийн Даваа гаригт /2024.01.15/ нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдсон нийт 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дахин товлогдоод байгаа билээ.
Б.ГАНХУЯГИЙГ ЕСӨН САР ХОРЬСНЫ ДАРАА ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын 12-нд болсон. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байгаагаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан хүсэлтийг шийдвэрлэсний дараа “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон.
Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-нд урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсэн билээ.
Тус урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Би “Эрдэнэс Тавантолгой” компанид 2007 оноос ажилласан. Т.Аюурсайхантай 2013 онд танилцсан, тэрнээс өмнө таньдаггүй байсан. Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэж мэдэхгүй, очиж үзээгүй. Тэгэхээр яахаар би бүлэгт элсчихдэг, гишүүн болчихдог юм бэ” гэж мэдүүлж байв. Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Шүүхээс ямар нэгэн байдлаар бидний хурлын зарыг тараах, мэдээлэл өгөхдөө “Нүүрсний гэх тодотголтой” гэж онцолж байгаа нь хуульд хэр нийцэж байна вэ. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл. Нүүрсний хэргийг илрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Шүүх хэргийг шударгаар шийдэж өгөхийг л хүсч байна” гэж тус тус саналаа хэлж байв.
Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний цагдан хорьж буй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч прокурорын зүгээс түүнийг батлан даалтад гаргах боломжгүй гэдгийг илэрхийлсэн.
Ийнхүү 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааныг 2023 оны есдүгээр сарын 28-ны 14:00 цагт хийхээр товлосон юм.
Тодруулбал, эхний удаагийн шүүх хурлаар Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний биеийн байдалтай холбоотойгоор таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг хойшлуулах хүсэлт илэрхийлж, мөн бусад яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн юм.
Улсын яллагчийн зүгээс гэрчүүд дутуу байх нь хурал хойшлох шалтгаан биш гэж үзсэн. Харин шүүгч ирц дутуу байгааг харгалзаж, шүүх хурлын товыг дахин 15 хоногоор сунгасан юм. Ийнхүү тус хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон.
Тодруулбал, шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож, дахин хойшлуулах шийдвэрийг гаргасан билээ.
Хурал он дамнах шалтгаан нь мөн л ирцтэйг холбоотойг тухайн үед оролцогчид хэлж байв.