Цагтаа УИХ-ын гишүүн, МАН-ын гал тогоог хариуцаж, ХХААХҮЯ-ны сайд байхдаа өөртөө бүхэл бүтэн нэг давхарыг зориулан тохижуулж, насаараа хаан явах юм шиг аашилж явсан Т.Бадамжунайг “5ш ажиллагаа”-ны хүрээнд “Шувуу” болгон авчирсан. Авлига, хээл хахуулийн хэрэг нь ар араасаа илчлэгдэж, хоорондын маргаанаас болоод “байшингаа шатаах” нь холгүй яваа МАН-ын удирдлагууд Т.Бадамжунайд ялихгүй хэргээр ял оноогоод Монголдоо амьдрах боломж олгоно гэж тохиролцон авчирсан улс төр гадарладаг хэнд ч ойлгомжтой. Сонгуулиас сонгуулийн хооронд албан тушаалын гол томилгоог зохицуулж, МАН-ын сонгуулийн зардлыг нямбай босгож ирсэнээрээ алдартай тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болон намаасаа “хөндийрснөөс” хойш М.Энхболд, С.Баяр, Сү.Батболдын засгийн газруудын томилгооны гол хүн байсан гэдэг. Хотын намыг ямар хүчтэй, хотыг удирдах нь Ерөнхий сайдаас ч дутахгүй хөрөнгө, зоорио арвижуулах боломжтой гэдгийг өөрийн туулсан замналаар харуулсан тэрбээр хотын Ерөнхий менежер хийж байхдаа газрын наймааг цэцэглүүлсэн гэдэг. Түүнийг хэрэвзээ буруутгавал шинэ цагийн МАН-ын бүхий л томилгоог дэлгэснээс ялгаагүй гэж намын гишүүд нь ярьдаг нь оргүй хоосон зүйл биш. Учир нь өнөөгийн МАН-ын удирдлагуудыг түүний дэмжлэггүйгээр гарч ирэх боломжгүй байсан нь нууц биш.
Тиймээс түүнд хамаг бурууг тохоод, сонгуульд авлигатай тэмцсэн гэх оноо цуглуулахаар тохиролцон Монголд авчирсан ч хэрэг бишдэв бололтой.
Учир нь анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч прокурорын эсэргүүцлээр давж заалдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахуул авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан болно” гээд анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээв. Өөрөөр хэлбэл авлигын өөр хэрэг байж болзошгүй учраас нэмж шалгуулах шийдвэр гаргажээ.
Прокурорын зүгээс урьдаас зурсан зургаас нь хальсан учраас давж заалдсан байж болзошгүй юм. Ямартай ч Т.Бадамжунайгийн хэргийг нэмж шалгах шаардлагатай болов.
Анхан шатны шүүхээс гаргасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлийг хэвээр үлдээжээ.
Мөн анхан шатны шүүхээс Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэнийг ч хэвээр үлдээсэн байна.
Тиймээс түүний хэргийг нэгхэн хэсгээр ялласан болоод өнгөрөх гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэв бололтой. Ямартай ч түүний хэргийг нэмж шалгах ёстой төдийгүй шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудлыг хянан шалгуулахаар буцаасан эрх баригчдын татсан тойргоос илүү томсгож энэ хэргийг шалгуулах бололтой.
Энэ хэргийн шүүх хурал сонгуулиас өмнө болох эсэх нь эргэлзээтэй болов. Тиймээс авлигын хэргийн илрүүлэлтээр албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн эрх баригчдын төлөвлөгөө бүтэлгүйтэв бололтой.
Дээр нь Хууль зүйн сайд Б.Энхбаяр ЕНБ-ын даргаа нүүрсний хэрэгт холбоотойг гэдгийг хэлж, холбоогүй гэдгээ нотлохоор хууль, хяналтын байгууллагад хандвал нотлох баримтаа гаргаад очно гэдгээ ам алдав.
Нүүрсний хулгайн хамгийн гол гэрч гэгдсэн “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт ял өгсөн ч ар араасаа өрнөж буй үйл явдал МАН-ын толгойны өвчин болоод байна. Учир нь, МАН-ын цагаан ордонд хэзээний уур амьсгал халаад эхэлжээ.
Сонгуулиас өмнө хэн нь хэнийгээ дийлж, хэн нь буруутан болох вэ гэдэг асуудал яригдах бололтой. Ямартай ч Т.Бадамжунайн хэрэг бишдэв. Бишдээд зогсохгүй өөр өөр хэргүүд ч өөр хоорондоо учир холбоотой учраас ар араасаа асуудал хөврөх нь.