Сар шинийн баярын өдрүүдэд золголт хийхдээ бага насны болон нярай хүүхдийг үнсэх нь олон төрлийн халдварт өвчин халдаах эрсдэлтэй байдаг. Энэ талаар Бриллиант эмнэлгийн Нүүр ам согог заслын их эмч Т.Хулан зөвлөмж өглөө.
-Хүний аманд хичнээн төрлийн нян бактери байдаг вэ?
-Насанд хүрсэн хүний шүлсэнд дунджаар 70 төрлийн нян бактер байдаг. Бага насны хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүй байдаг тул амьсгалын зам, хоол боловсруулах эрхтний өвчин, арьсны харшил үүсгэх, чих хамар хоолойн өвчинд өртөмтгий болгох зэрэг эрсдэлтэй байдаг. Мөн зарим тохиолдолд хүүхдэд амиа алдсан тохиолдол гарч байсан. Тиймээс бага насны хүүхдийг аль болох үнсэхгүй байх хэрэгтэй.
-Эдгээрээс хүний биед хамгийн эрсдэлтэй бактерийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?
-Дээр дурдсан нян бактериас стрептококк мутанс буюу S.mutans бактери нь амны хөндийн бүх хэсэгт байдаг. Уг бактери сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүнтэй нэгдсэнээр урвалд орж хүчил ялгаруулан шүдний пааланг гэмтээдэг байна. Ингэснээр маш хурдан шүд цоордог.
-Том хүмүүс бага насны хүүхдэд үнсвэл ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бол?
-Бага насны хүүхдийг үнсэх үед амьсгал болон шүлсээр дамжин амьсгалын замын халдварт өвчин болоод өөр бусад төрлийн өвчин халдварлах боломжтой. Тэр тусмаа нярай хүүхдийг огт үнсэж болохгүй учир нь нярай хүүхдийн дархлааний систем дөнгөж хөгжиж байдаг тул ямар нэгэн нян бактерийг эсэргүүцэх чадамж сул тул маш хурдан өвчилдөг.
-Тэгвэл хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс зөвлөгөө, зөвлөмж өгөөч?
-Зөвхөн баяр ёслол гэлтгүй хүмүүс хүүхдийг өхөөрдөн үнсэх нь маш элбэг байдаг. Эцэг эхчүүд хүртэл хүүхдийнхээ уруул дээр үнсэх амнаасаа хооллох зэргийг нэг их ойшоодоггүй. Гэвч энэ нь өөрийн амны хөндийд байгаа бүх иян бактерийг хүүхдэдээ бэлэглэн, өвлүүлэн үлдээж байгаа хэрэг. Ингэснээр ямар эрсдэлтэйг бусдад аль болох түгээж, хүүхдийн амны эргэн тойронд, хацар гэх мэт газар бус дух зулайн дээр нь үнсэх биш үнэрлэх нь илүү зүйтэй.