Тайваньд болсон сонгуулийн талаар Хятад судлаач Д.Болдбаатарын бичсэн нийтлэлийг хүргэж байна.
- “Их”, “Бага” хоёр Хятадын ижил арга туршлагаас суралцаасай
- Си Жиньпиний залгамжлагч тодорч байгаа бололтой. Тэр бол Чэнь Жинин.
Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль маш сонирхолтой болж өнгөрлөө.
Ажил төрлийн улмаас сонгуультай холбоо бүхий нарийн ширийн үйл явдлуудыг анхааралтай ажиглаж чадсангүй. Гэхдээ сонгогчдын 40 гаруй хувийн саналаар илт давуу ялалтыг байгуулсан Тайванийн “Ардчилсан дэвшлийн намаас” нэр дэвшигч Лай Цин Дөгийн ярилцлагуудыг уншиж, үзэж байхад түүнийг ялчих байх аа гэдэг итгэл үнэмшил хэн бүхэнд илэрхий байсан даа.
Сонгуулийн өмнөхөн зурагтаар өгсөн ярилцлагадаа Тайванийн дэд ерөнхийлөгч Лай Цин Дө (William Lai Ching-te. 1959 онд төрсөн, ирэх намар 65 хүрнэ) учиргүй улс төр, хий хоосон сүржин амлалт яриагүй. Тэр тусмаа өрсөлдөгч рүүгээ дайрч давшилсан үг хэлээгүй юм. Энэ бол улс төрч төдийгүй, хувь хүний хүмүүжил ёс суртахууны маш том давуу чанарыг харуулж байгаа хэрэг л дээ. Харин тэр өөрийнх нь өдий зэрэгтэй явж байгаа ээжийнх нь ач энэрлийн үр шим юм шүү гэдгийг хоолой цахиртуулан ярихыг сонсоод алс холын үзэгч миний өр зөөлрөн самсаа шархирч байсныг нуух юун?
Лай Цин Дө бол зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь бөгөөд хоёр настай байхад аав нь уурхайн ослоор өөд болж хагас өнчин хоцорчээ. Ээж нь талийгаач ханийнхаа халааг авч нүүрсний уурхайд тэргээр нүүрс зөөж эхэлсэн бөгөөд “Миний мэдээ орсон цагаас хойш нэлээд удаан хугацаанд намайг унтан унттал ээж маань эргэж ирдэггүй. Өглөө сэрэхэд ээжийнхээ барааг хардаггүй байсан даа” хэмээн ярихдаа Лай Цин Дөгийн нүд гялтганаж байж билээ.
“Ээж нь маш их ядарч байдгийг та нар ойлгоно биз дээ? Та нар минь томоотой дуулгавартайхан шиг байж хичээл номдоо сайн шамдвал ээждээ үзүүлж байгаа хамгийн том тус тэр юм шүү” гэдэг үгийг тэр багадаа хамгийн их сонссон нь магадгүй түүний амьдралдаа сонссон хамгийн гол чухал сургаал үгс байсан байж таарна.
Бусдын үгийг сонсож дуулгавартай байх нь Дорнын, тэр дундаа Хятадын сурган хүмүүжүүлэх ухааны зорьдог хамгийн том үр дүн бөлгөө. “Хүн 30 хүрээд тогтож, 40 хүрээд төөрөгдлөөс ангижирч, 50 хүрвээс тэнгэрийн бошгыг ойлгодог. Тэгж чадвал 60 хүрэхдээ чих зөөлөрсөн байх вий?” хэмээн Күнзийн сургаал “Шүүмжлэл өгүүлэлд” айлдан номлосон байдаг. Төөрөгдлөөс ангижрах гэдэг нь ухаан сууж юмны наад цаадхыг эргэцүүлэн бодох чадвартай болохыг хэлж байгаа хэрэг гэдгийг мэргэн уншигчид төвөггүй ойлгож байгаа биз ээ? Харин тэнгэрийн бошгыг ойлгох гэдэг нь хүн энэ ертөнцөд ямар үүрэгтэй, яах гэж төрснөө ойлгохыг хэлдэг гүн нарийн ухагдахуун болой. Чих зөөлөрч, бусдын сайн муу үгэнд хүлээцтэй хандаж сурах нь тэр бүхнээс давсан том чанар, чадвар гэхлээр хэчнээн чухал чанар байх билээ. Тэр тусмаа улс төрч хүнд зайлшгүй байх ёстой эрхэм чанар мөнөөс мөн.
Харин балчир Лай Цин Дө амьдралын буулганд нухлуулж, ачит эхийнхээ нөр хичээнгүй зүтгэлийг харсаар хорвоод хосгүй тэр нандин чадварыг хавьгүй эрт өвлөж өөрийн болгосон нь улс төр хэмээх амаргүй буцалсан тогоон дотор учраа олж, хужрыг тунгаасаар өнөөдөр дэлхий дээр эхний 20-д ордог эдийн засгийн том бүс нутгийг захиран залах боломжтой болжээ.
Түүний амьдрал ядуу гуцуу нөхцөл дунд өнгөрчээ. Гуравдугаар ангид байхдаа мухар олгойн хагалгаанд орох мөнгөгүй болоход ангийн хүүхдүүд мөнгө цуглуулж тусалжээ. Маш их баярлаад дугтуйтай мөнгийг ээждээ авчирч өгөхөд ээж нь алга тосон авалгүй “Хүний орчлонд сэтгэлийн өр шиг том зүйл байдаггүй юм. Хүн ямар ч нөхцөлд өөрийн хэрэгцээгээ өөрөө л хангаж гүйцэлдүүлж байх ёстой” гэж сургамжилсан нь маш их ухаарал өгсөн тухай яриандаа сэтгэл догдлонгуй өгүүлж байна лээ.
Энэ удаагийн Тайванийн улс төрийн сонгууль маш адармаатай, ойлгохын аргагүй нарийн төвөгтэй үйл явцыг туулж өнгөрүүлэв. Манай Монгол Ардын Нам(МАН)-тай нас ойролцоо Гоминдан нам бас л бүтэлгүйтэж өвдөг шороодлоо. Зуун насыг зооглохдоо манай МАН-ын цөөнгүй гишүүдийн орооцолдоод байгаа шиг авлига хээл хахуулийн асуудал байн байн босож ирэн ил гарч байгаа тул улс төрийн соёл, боловсрол сайтай Тайванийн сонгогчид тэдэнд зохих дүнг нь тавьж өгөөд байгаа нь энэ юм. Харин Монголын хувьд ХҮН намтай зүйрлэж болохуйц “Ардчилсан дэвшлийн нам” хэмээх харьцангуй шинэ залуу нам дахин итгэл төгс ялалт байгуулж чадав.
Тайванийн “Ардчилсан дэвшлийн нам”-ын хувьд сонгуульд бэлтгэх, сонгуулийн стратеги тактикийг боловсруулах тал дээр үнэхээр гаргуун болох нь сүүлийн хэдэн удаагийн сонгуулийн үйл явцаас тодхон харагдаж байна. Сонгуулийн өмнөхөн Лай Цин Дөгийн ялалт байгуулах магадлал илт буураад эхэлсэн нь түүнийг дэмжигчдийн хувьд санаа зовууштай үзүүлэлт байсан л даа. Тэгсэн атал 40 гаруй хувиар (Одоогоор тоологдоод байгаа саналаар, цаашдаа нэмэгдэх магадлалтай) нөгөө хоёр өрсөлдөгчөө илт давуу ялж чадсан нь дээрх дүгнэлтийг батлах баримт юм.
Манай улсын тухайд өнгөрсөн хэд хэдэн сонгуульд эрх баригч МАН ахмад сонгогчдод түшиглэн ялалт байгуулж ирсэн нь нууц биш. Энэ гаршсан арга мэхээ хэрэглэж “Амташсан хэрээ 13 дахина” хэмээн бодож байгаа бол явуургүй хэрэг болохыг МАН-тай үе чацуутан Гоминдан намын бүтэлгүйтэл хангалттай харуулж байна шүү. Тэдний сөрөг хүчин болох АН болон ХҮН намууд залуус сонгуульд идэвхтэй оролцохгүй юм гэж халаглан гансарч суухын оронд харин ч залуу сонгогчид руу хандсан бодлого түлхүү боловсруулан баримталж ирэх 2024 оны сонгуульд оролцвол амжилт олж болохыг харуулснаараа Тайванийн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Монголын хувьд ч маш ач холбогдолтой үйл хэрэг боллоо.
“Бага хятад”–Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ мэт сонин сайхнаар дүүрэн болж өнгөрсөн бол эх газрын “Их Хятад”-ын Төрийн тэргүүний халааг авах магадлалтай хүний нэр бараг тодорч байх шив. Амьдралын буулганд нухлуулсан амьдрах ухаан сайтай нэгнийг олж сонгоод төрийн ажлын хүнд хүчир буулганд зүтгүүлж чадаад байгаа “их”, “бага” хоёр Хятадын ижил арга туршлагаас манай улс төрийн намууд, ялангуяа эрх баригч МАН суралцаасай гэж боддогоо энэ бичлэгт цухас дурдъя!
Зүүн хойд Ляонин мужийн нэгэн хөдөө тосгонд төрж өссөн хүү Чэнь Жинин (Chen Jining–1964 онд төрсөн, сарын дараа 60 нас хүрнэ) бээр 1981 онд элсэлтийн шалгалтаа гялалзтал өгөөд Хятад улсдаа нэг хоёрт тооцогддог нэр хүндтэй Цинхуа их сургуульд элсэн суралцах эрхийг өвөртөлжээ. Хөдөө тосгоны тариачин гаралтай хүү Цинхуа их сургуульд төвөггүй элсэн орно гэдэг нь цаагуураа хүн чанар, хичээл зүтгэл зэрэг чадварыг харуулах маш том үзүүлэлт болж байгаа хэрэг. Тэр ч утгаараа Хятадын боловсон хүчний бодлого шийдвэрийг боловсруулдаг, атган суудаг эрхмүүдийн анхааралд өртөж эхэлсэн байж таарна. Сургуулиа онц дүнтэй төгсөөд Лондонд Брунел их сургуульд мэргэжлээрээ мастерын зэрэг хамгаалаад, дараа нь Империалд коллежид Ph.D зэрэг хамгаалан, хүн л юм болсон хойно амьдрал ахуйгаа бодон тэндээ хар бор ажил хийж амьдрах болжээ.
Энэ үеэр Хятадын эдийн засаг түргэн хурдацтай хөгжиж, түүнийг дагалдан байгаль орчны сөрөг үзэгдэл маш ихээр гарах болсон тул энэ асуудлыг гардан шийдвэрлэх мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага онцгой ихсэж таарна. Чадварлаг боловсон хүчнээ андахгүй сайн мэддэг, тэднийг сайтар бэлтгэж сайтар ашиглаж чаддаг Хятадын удирдлагууд “Чэнь Жинин гэдэг аятайхан залуу Цинхуа их сургууль төгсчхөөд Британид хараар ажиллаж байгаа гэнэ лээ. Түүнийг дуудан ирүүлж ажиллуул!” гэж үүрэг өгснөөр Цинхуа их сургуульдаа буцаан авч багшлуулсан байгаа юм.
Зүгээр ч нэг ажиллуулаагүй. Төрийн яамны албан хаагчийн эрх мэдэл, цалин хангамжийг өгчээ. Удалгүй Цинхуа их сургуулийн байгаль хамгааллын салбарын захирал болсон нь яамны хэлтсийн даргатай дүйцэхүйц албан тушаал байв. Тэгээд ажил хэргийн чадвараа харуулсаар дөчин хэдхэн насандаа Цинхуа их сургуулийн түүхэн дэх хамгийн залуу захирал (ректор) болсон нь яамны дэд сайдтай дүйх албан тушаал бөлгөө.
Та бүхэн миний энэ бичлэгээс өмнөд хөршийн сайн боловсон хүчнээ сонгож бэлтгэх тогтолцооны онцлогийн талаар зах зухаас нь ч болов ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Шинжлэх ухаан, улс төрийг хослуулан дээш өгсөж яваа Хятадын боловсон хүчний гялалзсан жишээ. Харин манай Монголд бол ямар ч чадварлаг залуу боловсон хүчин дээш дэвших гол арга зам нь хэн нэгэн том албан тушаалтны улыг долоож, цүнх барих явдал байдаг түгээмэл атлаа эмгэнэлт дүр зураг санаанд тодорч сэтгэл шимшрүүлж байгаа гэдэгт эргэлзэх юун. “Сайн тогтолцоо муу хүнийг ч засаад авдаг. Муу тогтолцоо сайн хүнийг ч боловч эвддэг” хэмээх Дэн Сяопины мэргэн үг байдаг.
Тэр болтол Хятадын Байгаль орчныг хамгаалах яамны нийгмийн үүрэг тааруу талдаа байжээ. Харин 2000 оны эхээр байгаль орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрснээр Байгаль орчныг хамгаалах яамны нэр хүнд, эрх мэдэл, байр суурь эрс дээшилсэн гэдэг. Энэ үеэр Хятад улс 20 гаруй жил бодлоготой бэлтгэсэн Чэнь Жининг Бээжин хотын даргаар тавьжээ. Энэ нь яамны сайдтай дүйхүйц албан тушаал юм. Сайн боловсон хүчнүүдээ яамны мэргэжилтэн, хэлтсийн дарга, яамны сайдтай дүйхүйц эрх мэдэл бүхий албан тушаалд тавиад байгааг харж байна уу? Хамгийн гол нь ямар ямар албан тушаал дээрх эрх мэдлүүдтэй дүйх учиртайг хуульчлан тогтоож өгсөн байдаг нь Хятадын төрийн тогтолцооны бас нэг сурууштай давуу тал юм. 2000 оны үед Бээжин хотын агаарын бохирдол ямар ноцтой байсныг цөөнгүй уншигчид санаж байгаа болов уу. Ямар сайндаа нэг нөхөр Бээжингийн газар бүрээс бохир агаар соруулж түүнд хуримтлагдсан тоосонцроор тоосго цутгаад олныг шуугиулж байх вэ дээ. Тухайн үеийн тэр “агаарын бохирдлын тоосгоны” үнэ цэнэ эдүгээ чамгүй их өссөн гэж дуулдаж байсан шүү.
Бээжингийн олимп гэхэд Чэнь Жинин нийслэлийнхээ агаарын бохирдлын асуудлыг нэр төртэй шийдвэрлэж чадсан тул Байгаль орчныг хамгаалах яамны сайдаар тохоон томилогджээ. Энэ үеэр Хятадын нийт нутаг дэвсгэрийн 25 хувь нь агаарын ноцтой бохирдолтой байсан ба энэ бол түүний багийн өмнө тулгарсан маш ноцтой асуудал байсан байж таарна. Тэр асуудлыг ч маш богино хугацаанд өөрийн багийн нөхдийн хамт амжилттай шийдвэрлэж чадсан тул Хятадын Коммунист Намын Төв Хороо Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон одоо Шанхай хотын намын хорооны даргаар ажиллаж байна. Шанхай хотын даргын албан тушаалд очсон хүн болгон Хятадын дараачийн төрийн тэргүүнээр сонгогддог бичигдээгүй хууль байдаг болохоор Си Жиньпиний халааг тэр авах нь тодорхой хэмээн гадаадын шинжээчид бичиж эхэлсэн нь нэг их хол зөрөхгүй таамаглал буй за.
Өмнөд хөршийн улс төрийн орчинд энэ мэт сонирхолтой үйл явдлууд арвин өрнөж байгаа бол умард хөршийн хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль бүр ч сонирхолтой үйл явдал байх нь тодорхой. Харин одоо Хятадыг гол холбоотноо, бат бэх ар талаа болгочхоод байгаа Путиний хувьд Тайванийн сонгууль эмзэглүүлсэн байх талтай.
Оросын сонгуулийг залгуулаад Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгууль хаяанд тулаад ирнэ. Ирэх сонгууль илүү сонирхолтой, хамгийн гол нь ард нийтийн хүсэл сонирхлын бодит тусгал байгаасай билээ. Сонгогчид маань энэ удаа хий хоосон сүржин амлалтад итгэлгүй, зөв бодлого, сайн тогтолцоо дэвшүүлэн хэрэгжүүлж чадахуйц улс төрийн нам хүчинг илүүтэй их дэмжвэл сайнсан.
Хятад судлаач Доржсүрэнгийн Болдбаатар