Улс төр судлаач Д.Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр явуулах шийдвэр гаргасныг судлаач хүний хувьд юу гэж дүгнэж байна. Давуу болон сул тал нь юу байх вэ?
-Хамгийн эхэнд бүсчилсэн тойрог гэж ойлголт Улс төрийн шинжлэх ухаанд байхгүй. Мажоритар тогтолцоонд сонгууль явуулах жижиг тойрог (FPTP), том тойрог (Block vote) гэсэн үндсэн хоёр тогтолцоо байна. Монгол Улсын 2020 оны сонгууль Block vote буюу том тойргоор явуулсан бол одоо энэ том тойргийг бүр том болгох гэж байна. Дэлхий ертөнц дээр хамгийн төгс, бусдаас илүү ганц сонгуулийн тогтолцоо гэсэн ойлголт байхгүй. Сонгуулийн тогтолцоо нь тухайн улс орны онцлог, хүн амын болон парламентын гишүүдийн тоо, улс төрийн соёл зэргээс хамаараад харилцан адилгүй байна. Бид “Мажоритар сонгуулийн тогтолцоонд санал их гээгдэж байна, гишүүд улсын төсөв ашиглаж, тойргийн сурталчилгаа хийж байна, гуравдагч хүчин, залуус, эмэгтэйчүүд сонгогдох магадлал бага байна” зэрэг сул талыг шийдэхийн тулд өнөө жил сонгуулийн тогтолцоог холимог болгосон.
Гэтэл сонгуулийн холимог тогтолцооны мажоритар хэсэгт бүсчилсэн гэж нэрлээд байгаа томсгосон тойргийг бүр том болгож буй нь энд дурдсан бүх сул талыг хадгалж үлдэнэ гэсэн үг.
Холимог тогтолцоог сонгодог нь пропорционал (хувь тэнцүүлсэн) болон мажоритар (олонхын) сонгуулийн тогтолцооны сул талыг багасгах гэсэн арга юм. Гэтэл томсгосон тойрог нь мажоритар тогтолцооныхоо сул талуудыг улам нэмэгдүүлнэ. Жалганы улс төр хийлээ гэж тойргоос сонгогдсон гишүүдийг бид шүүмжилдэг бол сонгуулийн тойргийг бүр том болгох нь жалгыг л томруулж буй хэрэг шүү дээ. Сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэдэг улсуудын туршлагыг харахад намын жагсаалтаар улс нэг тойрог, харин мажоритар элемент нь нэг мандаттай жижиг тойрог гэсэн туршлага хамгийн элбэг байна. Холимог тогтолцоотой мөртлөө, block vote буюу томсгосон тойрог хэрэглэдэг улс бараг байхгүй. Холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг Герман, Итали, Япон, Киргизстан, Литва, Шотланд, Шинэ Зеланд зэрэг улсууд бүгдээрээ нэг мандаттай жижиг тойрог хэрэглэж байна.
Хөдөө орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод зургаан тойрог хуваасан нь УИХ-ын гишүүд хүн амын болоод газар нутгийн төлөөлөл байх үндсэн зарчмыг хадгалж чадаж байна уу?
Ардчилсан сонгуульд баримтлах шаардлагатай хамгийн чухал зарчмуудын нэг нь one vote one value буюу нэг санал нэг үнэ цэн гэсэн зарчим юм. Амьдарч буй газраасаа үл хамаараад сонгогч бүрийн санал ижил үнэ цэнтэй байх ёстой. Хэнтий аймгийн сонгогчийн санал, Сонгинохайрхан дүүргийн сонгогчийн саналаас гурав дахин хүчтэй байх ёсгүй гэсэн санаа.
Хүн амын 48-49 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотод 24-хөн суудал ногдож байгаа нь наад зах нь энэ зарчимтай зөрчилдөнө гэсэн үг.
-Үндсэн хууль болоод Улс төрийн намын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг бүсчилсэн хэлбэрээр явуулах сонгуулийн үр дүн хангаж чадах уу?
Шууд хангана, хангахгүй гэж хэлж мэдэхгүй юм. Юу тодорхой вэ гэхээр, сонгуулийн тогтолцооны үндсэн гурван гол элемент гэж бий. Нэгдүгээрт тойргийн хэмжээ/мандатын тоо, хоёрдугаарт саналын хуудасны бүтэц, гуравдугаарт суудал хуваарилах томьёо. Тойргийн хэмжээ/мандатын тоог яаж ч зурж, хуваарилж болно. Яаж ч зурж, хуваарилсан гэсэн өөр өөрийн давуу болон сул талуудтай. Хамгийн гол нь нэг сонгогчийн саналын үнэ цэн ижил байх ёстой гэсэн гол зарчим бий. Хоёрдугаарт саналын хуудасны бүтэц сонгогчдод энгийн, ойлгомжтой байх ёстой. Гэтэл зарим тойргийн сонгогч улс төрийн нам, эвслийг сонгоод, нэмэх нь 10 хүний нэр дугуйлах хэрэгцээ үүсэж байх шиг байна. Арван мандаттай том тойрогт нам, эвсэл, бие даагчдыг оруулаад олон хүн нэр дэвшиж таарна. Энд нэгдүгээрт, саналын хуудас хэт нүсэр, ойлгомжгүй болж ирнэ.
Хоёрдугаарт 10 хүнийхээ нэрсийг хайх, дугуйлах гээд санал өгөх хугацаа уртассанаар санал өгөх иргэдийн дараалал үүсэх, ирц буурах, сонгогч буруу зөрүү дугуйлснаар саналын хуудас хүчингүй болох гэх мэт олон сөрөг үр дагавар үүснэ.
– Баруун аймгуудаас Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгож хуваасан нь Үндэсний цөөнхийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалсан шийдвэр мөн үү. Эсвэл…?
21 аймгаас ганц Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэдэг утгаар нь тусад нь тойрог болгож буй нь нэг бол Баян-Өлгий аймгийн иргэдэд давуу тал олгож, эсвэл ялгаварлан гадуурхаж байгаа мэт уншигдаж байна. Үндсэн хуульд иргэн бүр эрх тэгш байх тухай, засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх тухай буюу эрх тэгш байдлыг хангаж өгсөн байхад, нэг аймгийг онцлон тойрог болгож буй нь эдгээр зарчимтай нийцэхгүй. Үндэсний цөөнхийн төлөөллийг парламентад оруулах нь зүйтэй боловч, тусад нь тойрог болгохыг сайшаахгүй байна. Намын жагсаалтад оруулах, нэр дэвшигчдийг тодорхойлохдоо анхаарах гэх мэт арга уг нь бий.
– Улс төрийн намын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр солонгорсон парламентыг бүрдүүлнэ гэдгийг хэлж байсан. Тойргийн хувьд том болж бүсчилсэн байдлаар сонгууль явуулах нь тэгш, шударга өрсөлдөөний зарчмыг хангаж чадах уу?
Томсгосон тойргийг бүр томруулах нь том нам, танигдсан, мөнгөтэй нэр дэвшигчдэд л ашигтай хувилбар. Намын жагсаалтаар санал авах босго нь 4 хувь байгаа, нэмээд тойргоос сонгогдох 78 мандатын ядаж 39-д нь нэр дэвшүүлэх хуулийн шаардлагатай.
Одоо УИХ-д суудалгүй байгаа намуудад 2024 оны сонгууль бүр л хэцүү сонгууль байна
-Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн сурталчилгааг 14 хоног байхаар тогтсон. Энэ хугацаанд жижиг намаас нэр дэвшигчид сонгогчиддоо танигдах, мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломжоор хангагдаж чадах уу?
Зөвхөн сурталчилгааны 14 хоногт өөрийгөө таниулах боломжгүй. Манайд сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байдаг ч, сонгуулийн далд сурталчилгаа сонгуулиас аль эрт эхэлдэг болоод удаж байна даа.
-Сонгуулийн зардлын хувьд бүсчилсэн хэлбэрээр явуулах нь өртөгийн хувьд өндөр тусах уу?
Өмнө нь нэг аймагт сурталчилгаа хийдэг байсан бол одоо 3-4 аймагт сонгуулийн сурталчилгаа хийдэг болно. Нэг дүүрэгт ажиллаж байсан бол 2-3 дүүрэгт ажиллах болно. Дээрээс нь хэт том тойрогт нэр дэвшигч сонгогчдодоо хүрэхийн тулд зурагт, хэвлэл мэдээлэл, сошиал медиаг ихээр ашиглахаас аргагүй болохоор зардал нэмэгдэхээс аргагүй гэж бодож байна.
-Жил жилийн УИХ-ын сонгуулийг мөнгөний хамаралтай сонгууль боллоо гэх шүүмжлэл байдаг. Бүсчилсэн байдлаар сонгууль явуулахад сонгогчдын саналыг бэлэн мөнгө, эд материал, бэлэг сэлтээр худалдаж авах боломжийг багасгаж чадах болов уу?
-Чадахгүй л болов уу. Ер нь сонгуулийн санал авах буюу бэлэг тараадаг байдлыг хүчтэй, боловсролтой сонгогчид, иргэний нийгмийнхэн тасалж чадахаас биш улс төрчид, нэр дэвшигчид тасалж чадахгүй. Тойрог нь жижиг байна уу, том байна уу сонгогчид нь авсаар байвал, улс төрчид тараасаар байх болно.
–УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр явагдах үед иргэд сонголт хийж, санал өгөхдөө юун дээр түлхүү анхаарах ёстой вэ?
-Ер нь сонгогчид маань сонгуулийн үеэр шинэ хүнтэй танилцаж байгаа мэт хандалгүйгээр энэ нам өмнө нь засгийн эрхэнд байсан билүү. Засаглаж байхдаа юу хийсэн билээ, хүний эрхийн асуудалд яаж хандсаар ирсэн зэргийг нь эргэн бодож, одоо дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь үндэслэлтэй, үнэмшилтэй юу, тооцоо судалгаатай юу, сонгуулийн санхүүжилт нь цэвэр үү гэх зэргийг анзаарвал зохино.
Яг санал авах байранд саналаа өгөхдөө саналын хуудасны заавар, хэдэн хүн дугуйлах, яавал саналын хуудас нь хүчингүй болох зэргийг урьдчилж бэлдээд орвол зүйтэй.