УИХ-ын гишүүн Д.Ганбат эрх баригчдад хандан, өөрийг нь айлчлалын бүрэлдэхүүнд багтаан гадаад улс руу авч явахгүй байгаа талаар гомдол тавьсан нь талаар болсонгүй Румын улсад айлчилжээ. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид хоёрдугаар сарын 20-25-нд Румын улсад айлчлахад бүрэлдэхүүнд нь багтсан байна. Румын улсын парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар айлчилсан нь энэ аж.
Тэрбээр өөрийг нь айлчлалд багтаахгүй байгаа талаар “Ер нь бол манай улсын гадаад харилцаа бол их дээшилсэн. Хэзээ байтлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Английн хааныг ширээнд залах ёслолд уригддаг байлаа. Хэзээ байтлаа Франц улсад хүндэт харуултай төрийн айлчлал хийдэг байлаа, амжилттай сайн байгаа. Нөгөө талдаа “Би Ардчилсан намыг төлөөлж УИХ-д нэлээн удаан ажиллаж байгаа гишүүн. Би бараг ардчиллын бэлгэ тэмдэг болохуйц хүн. Гэтэл яагаад намайг Ерөнхийлөгчийн айлчлалд багтаахгүй байна вэ. Ямар нэг шалтаг шалтгаан байна уу” гэж лавлаж байсан юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаад харилцааны яам тухайн айлчлал авах гэж байгаа улстай хүнийхээ тоог тохирдог. Хүнийхээ тоонд багтаагаад улс төрийн намын төлөөллийг оролцуулдаг. Мөн тухайн улстай байгуулсан парламент хоорондын найрамдлын бүлгийн гишүүдийг түлхүү оруулдаг. Өөрсдийнх нь саналыг харгалздаг. Ерөнхийлөгчийн Тамгын газартай ярьж зөвшилцөөд шийддэг” гэсэн хариулт өгч байв. Хэдийгээр тэр энэ удаад хоёр улсын парламент бүлгийн хооронд хийгддэг айлчлалд багтсан ч гэлээ том сонгуулийн өмнө амжиж хийсэн айлчлал болов.