УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр (2023.12.27) Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж байгаагаа танилцуулав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:
Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтоох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч ийнхүү хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй нь шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний нэг хэсгийг сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохтой холбоотой дээрх зохицуулалтууд нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог хууль тогтоогч өөрийн мэдэлдээ бүрэн авч, шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хариуцсан Үндсэн хуулийн институтыг төрийн аль нэг эрх мэдлээс хараат бус байлгах чиглэлээр түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй эрх мэдлийг өөр бусад хуулиар хуульчлан авах замаар хууль тогтоох эрх мэдлийг явцуу зорилгоор хэрэгжүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбогдох хэсгийн зорилго, агуулгыг бүрэн гажуудуулсан гэж үзэж байна гэлээ.
Тэрбээр, Монгол Улсын шүүхийн тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ.
Үүнд,
– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “… бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэснийг хасах.
– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “ … ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална.” гэснийг хасах.
– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “… Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. …” гэснийг хасах.
– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсэгт “ … Улсын Их Хурал … сонгон шалгаруулж, томилно.” гэснийг хасах.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Тэрбээр, уул уурхайн үйл ажиллагаа нь алслагдсан хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зам тээвэр, ус ба цахилгаан зэрэг дэд бүтэц хөгжүүлэх, уул уурхайн ашиг орлого, татварын орлогыг дахин хуваарилах замаар улсын төсвийн хуваарилалт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг орон нутагт авчрах боломжтой. Гэвч уул уурхайн үйл ажиллагаа нь иргэдийн нүүлгэн шилжүүлэлт, амьжиргаа ба соёлын өөрчлөлтүүд, замын хөдөлгөөн, тоосжилт, дуу чимээ зэрэг эрүүл мэнд болон аюулгүй байдлын нөлөөллүүд, орон нутгийн хүн амын өсөлтөөс үүдэн нийгмийн дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээнд нэмэлт ачаалал үүсэх зэрэг сөрөг үр дагавар үүсгэх боломжтой.
“Хариуцлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэдэг нь уул уурхайн үйл ажиллагаа явагдах орон нутгийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэх, байгаль орчинд хохирол, нөлөө багатай үйл ажиллагаа эрхлэх, нөхөн сэргээлт-хаалтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, цаг тухайдаа бүрэн хэмжээгээр ашигт малтмалын нөөцийн төлбөр болон холбогдох бусад татвараа төлөх гэсэн ухагдахуун байдаг. Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал нь олон улсын уул уурхайн салбарын гол зорилго бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлагыг шалгуур үзүүлэлтийн “хүлээн зөвшөөрөгдсөн байдал” үзүүлэлтээр дүгнэхэд хангахгүй байна. Иймд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл, ашиглалтын тусгай зөвшөөр асуудал нь олон улсын уул уурхайн салбарын гол зорилго бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагад өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, нутгийн иргэдийн эрх ашигийг хүндэтгэх, байгаль орчинд хохирол багатай үйл ажиллагаа явуулах нь зүйтэй учраас “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг боловсруулсан гэлээ.
Ашигт малтмалын тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ.
Үүнд,
– Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.4. “тухайн талбай нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх.” гэж нэмэх.
– Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. “Тухайн тайлбай хамаарах хэсгийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл сонгон шалгаруулалтын үндэслэл болно.” гэж нэмэх.
– Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7. “Тухайн талбай нь хамаарч буй сум, дүүргийн иргэдийн хурлаас зөвшөөрөл авсан байх.” гэж нэмэх.
– Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9. Эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ. гэж нэмэх.
– Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг “42.3. “…. ажиллуулж болно” гэснийг “ажиллуулна.” гэж өөрчлөх.
Дээрх хуулийн төсөл, танилцуулгад олон нийтээс санал авахаар d.parliament.mn цахим хуудсанд 2023 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд байршуулан нээлттэй хэлэлцүүлсэн аж.