Украины арми сөрөг довтолгоогоо эрчимжүүлснээр тус улсын зүүн хэсэгт анхны ялалтаа байгуулж, Оросын армид эзлэгдээд байсан хотуудыг эхнээс нь эргүүлэн авснаа мэдэгдлээ.
Тодруулбал, Украины зүүн нутаг болох Донецк мужийн 3 сууринг эргүүлэн авснаа Украины арми өчигдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдлээ. Тэд довтолгооны улмаас их хэмжээгээр сүйдсэн барилгаас Украины далбааг мандуулж буй видео бичлэгийг нийтэлсэн юм.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн ням гарагт тус улсын хүчнийхэн Донецк, өмнөд хэсгийн Запорожье муж болон бусад газарт барууны нийлүүлсэн зэвсгийг устгаснаа мэдэгдсэн. Тухайлбал, Германд үйлдвэрлэсэн 3 “Ирвэс” танк болон бусад хуягт машин зэрэг 11 танкийг устгажээ.
Үүний зэрэгцээ Украины өмнөд хэсгийн Херсон мужийн Каховка далан нурсны улмаас олон суурин үерт автаж, хамгийн багадаа зургаан хүн амиа алдаж, 35 хүн сураггүй алга болсон гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.
Эх сурвалж: NHK