Украины Зэвсэгт хүчин Крымын хойгт байрласан ОХУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцонд пуужингаар цохилт өгсөн гэж мэдэгджээ. Мөн армийн хөлөг нь халдлагад өртсөн гэдгийг Москвагаас хүлээн зөвшөөрсөн байна.
Халдлагын талаар Интерфакс агентлаг ОХУ-ын Батлан хамгаалах яамыг иш татан мэдээлэхдээ Украин агаараас харвах пуужин ашиглан Крымын Феодосия боомт дахь Новочеркасск онгоцонд гэмтэл учруулсан гэжээ.
Новочеркасск нь цэргийн хүнд механизм тээвэрлэх зориулалттай аварга хөлөг онгоц юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу халдлагын талаар Ерөнхийлөгч Владимир Путинд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэж Кремль мэдэгдсэн байна.
Украины Агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат тус хөлгийг засварлан, дахин ашиглалтад оруулахад хэцүү байх болно гэж бодож буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Radio Free Europe”-д хэлэхдээ “Дэлбэрэлт хэр хүчтэй байсныг, яаж дэлбэрснийг харж болно. Тэгж дэлбэрсний дараа онгоц гайгүй өнгөрөх маш хэцүү” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters