Хүннү Эйр ХХК Улаанбаатар-Дубай чиглэлийн шууд нислэгээ нээлээ. Цаашид долоо хоног бүрийн бямба гарагт нэг удаагийн давтамжтай нислэг үйлдэх юм. Монгол Улс энэ онд 42 улстай агаарын хэлэлцээр байгуулж дэлхийн 115 цэгрүү шууд нислэг үйлдэх боломжтой болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм Дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахьяны урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд АНЭУ-д хийсэн ажлын айлчалын үеэр хоёр улсын хооронд шууд нислэг хийх асуудлыг ярилцсаны дагуу ийнхүү Улаанбаатар-Дубайн хооронд шууд нислэг хийж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр орны харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэгдсэн 7 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэдийг харилцан визгүй зорчуулах баримт бичиг байсан.
Агаарын харилцааны шинэ маршрут нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна бизнес эрхлэгчид, жуулчид, оюутнуудад аялахад ихээхэн дэм болох юм